Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Монгол Улсад суугаа ОХУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа. Энэ жил цаг уурын байдлаас болж улсын хэмжээнд зорилтот хадлан тэжээлээ бэлтгэж чадаагүй учраас ОХУ-аас хүнсний болон үрийн улаан буудай, малын тэжээл худалдан авах чиглэлээр хоёр тал санал солилцсон байна.

Энэ зун зуншлага тааруу гандуу байснаас үүдэн зорилтот хадлан тэжээлээ бэлдэж чадаагүй. Монгол Улсын хэмжээнд 1 сая 400 мянган тонн өвс бэлтгэж, нөөцлөх ёстойгоос энэ жил 850 орчим мянган тонн өвс дотооддоо бэлтгэх төлөвтэй байна. Эндээс харахад өвөлжилтийн бэлтгэл ажлыг улсын хэмжээнд бүрэн базаахын тулд 51 мянган тонн өвс, тэжээлийг хэрэгцээ шаардлага бий болж байна.

Нөгөөтэйгүүр өвс тэжээлийн хомсдолоос үүдэн үнийн хөөрөгдөл гарах эрсдэлийг таслан зогсоох зорилгоор ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-ын элчин сайдтай уулзах үеэрээ дээрхи асуудалд онцгой анхаарч хамтран ажиллахыг хүссэн юм. Ялангуяа урд хөршийн зүгээс худалдааны гэрээг хөнгөлөлттэй нөхцөлөөр хийх таатай боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа салбар хариуцсан сайд Б.Батзориг илэрхийллээ.

Үүнээс гадна улсын хэмжээнд 230 орчим мянган тонн улаан буудай авах урьдчилсан баланс байна. Тэгэхээр манай улсад 225  мянган тонн хүнсний улаан буудай хэрэгцээ бий болж байна. Мөн ирэх жилийн ургац хураалтад зориулагдсан 6 мянган тонн элит үрийн улаан буудай шаардлагатай байгаа юм. Дээрхи хэрэгцээ шаардлагыг ОХУ-аас импортоор авах судалгаа, бэлтгэл ажил хийгдэж байгааг уламжлаад, дэмжлэг үзүүлж ажиллахыг Хүнс хөдөө аж ахуйн салбар хариуцсан сайд ОХУ-ын элчин сайдаас хүссэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here