УИХ-ын чуулганы хуралдаанаар сайд нарыг томилох асуудлыг нэр дэвшигч тус бүрээр хэлэлцэж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг томилох саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь нь дэмжлээ.

Түүнийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Та “давхар дээл”-тэй сайд болж байна. Халууцаж байна уу. Ерөнхий сайд “мэргэн” санаа гаргаад сайд нарыг цалингүй ажиллуулна гэсэн. Тэгвэл одоо яам, УИХ-ын аль нэгэндээ суугаад нэг өрөөгөө сулалж өгөх хэрэгтэй. Дээр нь тэтгэвэртээ гарчихсан хэрнээ ажлаа хийж байгаа хүмүүсээ явуулаач. Гадаад дотоодод өндөр боловсрол эзэмшсэн залуус цаана чинь очерлоод зогсч байна шүү дээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: “Давхар дээл”-ний асуудал шүүмжлэл дагуулдаг. Зарим хүмүүс давхар дээлтэй байвал ажлаа цалгардуулдаг гэх ойлголт өгөх нь бий. Тиймээс Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга хоёр кабинетынхаа гишүүдийнхээ чуулганы хуралдаа идэвхтэй оролцох чиглэлд онцгой ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Г.Занданшатарыг орон нутгийн хөгжлийн асуудалд анхаараарай гэж хэлмээр байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаадлагатай. Мөн боловсон хүчний асуудлыг хэвтээ түвшинд оруулах хэрэгтэй. Сүүлийн үед хөрөнгө оруулалт эрчимжиж байна. Гэвч аймаг, сумдын төр захиргааны байгууллагуудад хөрөнгө оруулалт дутуу байна. ЗГХЭГ бол төрийн менежерийн ажил гүйцэтгэнэ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Засгийн газар бяр ярьдгаа болмоор байна. УИХ-ын гишүүд сайд болчихоор бяртай болчихдог юм биш. Бид өөрсдийгөө Герман, Их Британи гээд өөр улсуудтай харьцуулахын оронд хүн амын хувьд ойролцоо орнуудтай харьцуулах хэрэгтэй. Тэгж байж давхар дээлний асуудал яригдана. Тэрнээс энэ бидний эрх гэж яриад байх хэрэггүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here