Үлгэр, домог, хүүхэлдэйн кинон дээрээс хүслийг биелүүлэгч ид шидтэн, бирд гээд л хүний хүссэн бүхнийг биелүүлдэг олон зүйлийн талаар бид мэднэ. Хамгийн ойрын жишээ болох “Аладдин” хүүхэлдэйн киноны дэнлүүн дотроос гарч ирдэг бирдийг бид мэдэх билээ. Тэгвэл үүнтэй адилхан хүслийг биелүүлэгч хүүхэлдэйн тухай “Хүүхэлдэй” нэртэй нэгэн аймшгийн уран сайхны кино саяхан нээлтээ хийсэн.

Тус бүтээлийг “Кино цамхаг” студи бүтээсэн бөгөөд тэдний хамт олон өмнө нь “Зоорь” нэртэй аймшгийн уран сайхны киногоороо бидэнтэй хэдийнэ танил болсон билээ. Тиймээс энэ хамт олныг аймшгийн киноны төрлөөр дагнадаг ч гэж хэлж болох юм. Тэр ч утгаараа “Хүүхэлдэй”-н трейлэр цацагдаж эхэлсэн цагаас цахим ертөнцөд хүслийг биелүүлэгч хүүхэлдэйн талаарх сэтгэгдлүүд тасраагүй гэхэд болно.

Дүр сонголтын тухайд “Чонын алтан шагай” телевизийн олон ангит кино, “Зоорь” уран сайхны киноны гол дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Ө.Мөнгөнтулга, “Мөрдөгч” олон ангит уран сайхны киноны дэслэгч Гэрэлмаагийн дүрээр олны таашаалыг хүртсэн жүжигчин Н.Мөнхсоёл, “Хэцүү анги” киноны Сүнжид багш СТА жүжигчин М.Саранцэцэг нар тоглосон. Ө.Мөнгөнтулгын хувьд анхнаасаа ширүүн, дориун дүрийг бүтээж бидэнтэй танилцсан учраас эргэлзэх зүйлгүй байв.

Харин сайн мөрдөгч, сайхан бүсгүйн дүрээр танилцсан жүжигжин бүсгүй, дүрсгүй хэдэн сурагчийнхаа арга эвийг олох гэсэн багш эмэгтэй хоёрыг аймшгийн киноны гол дүрд тоглоно гэхэд үзэгчийн хувьд итгэлгүй байсныг нуух юун. Гэтэл жүжигчин Н.Мөнхсоёл хүнд өвчтэй ээжийгээ асрахын тулд байж болох бүхнийг хийхээр сэтгэл шулуудсан охины дүрийг чадварлаг бүтээж, СТА М.Саранцэцэг хэзээ мөдгүй үхлээ хүлээх, хэвтэрт орчихсон мөртлөө охиныхоо томоогүй хүслийн дагуу буг болоод босоод ирж буй эхийн дүрийг өөлөх зүйлгүй амилуулжээ.

Киног үзэхээр болчихоод гарахаасаа өмнө трейлэрийг нь дахин нэг үзэв. Гэтэл “Хамт үзэхээр тохирсон хүмүүс маань ирэхгүй бол яана” гэж бодогдоод дотор арзасхийгээд явчихлаа. Арга ч үгүй арзайсан үстэй, инээмсэглэж байгаа мөртлөө цаанаа л нэг хүйтэн, хар хувцастай, жижигхэн хүүхэлдэй тэр бол гайхамшигт хүслийг биелүүлэгч. Ийнхүү кино хуваарийн дагуу эхэлж танхим дүүрэн үзэгчид чимээ анигүй дэлгэцээ ширтэнэ.

Уг кино трейлэр дээр гардагчлан авто ослоор эхлэх бөгөөд хэвтэрт байгаа ээжийнх нь эмчилгээ эм, тарианы мөнгөгүйн улмаас зогсож, хэрхэхээ мэдэхгүй шаналж яваа бүсгүй ажилдаа явахаар автобусанд сууснаар эхэлнэ. Харин энэ өдрөөс гурав хоногийн өмнө тэрбээр хүслийг биелүүлэгч шидийн хүүхэлдэйтэй танилцсан байх аж. Тэдний танилцсан түүх бас л сонин.

мчилгээний мөнгө гэхээс өөрийг бодох сөхөөгүй болсон бүсгүй хэсэг амсхийж, халуун кофе уунгаа цонхоор ширтэж суутал үүрч яваа шуудайнаасаа олон төрлийн хүүхэлдэй зүүсэн эр түүнийг ширтэж байх аж. Ингээд нэг л мэдэхэд бүсгүй түүнээс нүдэнд хамгийн тод туссан бараг жаахан хүүхэд хараад аймаар арзгар үстэй, том нүдтэй хүүхэлдэйг худалдаад авчихаж.

Ингэж л хүслийг биелүүлэгч хүүхэлдэй, хөөрхий бүсгүй хоёрын ээдрээтэй түүх эхэлнэ. Түүний хамгийн эхний хүсэл нь мөнгө. Арга ч үгүй биз ээжийгээ эдгээж, хөл дээр нь босгохоос өөр зүйл бодох сөхөөгүй яваа бүсгүйд мөнгө хамгаас чухал. “Ядаж байхад яр” гэгчээр энэ байдлыг нь далимдуулж дарга нь түүнийг хүчээр эрхшээлдээ оруулахыг хүсч байгаа үед “мөнгөтэй л болчихвол” гэсэн бодол нь түүнийг эзэмдэж, шидийн хүүхэлдэйд цусаа өгөхөд хүргэв.

Нэгэнт бүсгүйн цусыг авч, хүслийг нь сонссон хүүхэлдэй үүргээ биелүүлэхээс өөр аргагүй. Хүүхэлдэйнээс хүссэн хүсэл нь хэд хэдэн хүний амиар ирнэ гэдгийг тэр даанч мэдсэнгүй. Учир нь түүний сууж явсан автобус осолдсон нь түүний хүсэлтэй холбоотой. Тодруулбал тэр автобусанд сууж явсан нэгэн залууд түүний хүссэн мөнгө байсан бөгөөд автобус ачааны машинд мөргүүлж, мөнгөтэй залуу нас барсанаар Сараа мөнгөтэй болж байх жишээтэй.

Юм бүхэн хариутай байдаг гэж л энэ байх. Түүний дараагийн хүсэл нь өөрийг нь хүчээр өөрийн болгохыг хүсч түүнийг бузарласан залуухан даргыгаа үгүй хийх. Тэгэх тэгэхдээ бүр түүнийг зовж, тарчилж үхэхийг хүслээ. Түүнийгээ өөрөө дэргэд нь байсан юм шиг мэдэхийг хүсч байна гэж хүүхэлдэйд дайхаа ч мартсангүй. Учир нь яг ингэж хүсэхийнх нь өмнө гайхал дарга нь түүнийг хүчээр эзэмдчихээд, хэдэн төгрөг чулуудчихаад яваад өгсөн.

Урьдын адил түүний хүсэл биелдгээрээ биелж, дарга нь нүд хальтирам, хүний санаанд оромгүй байдлаар өөрийгөө егүүтгэж, Сараа ч өөрийн хүслийн дагуу түүнийг үхлийг дэргэдээс нь харсан мэт бүгдийг мэдэв. Одоо түүнд ганцхан хүсэл үлдсэн. Тэр нь ээжийгээ аврах. Хүсэл бүхэн нь биелдэг болохоор хэвтэрт байсан ээж нь босоод ирлээ. Гэхдээ түүний ээж хүн цусаар хооллогч, хүсэл биелүүлэгч хүүхэлдэйний махан идэшт албат болсон байх болно.

Хэрэг явдал цаашид хэрхэн өрнөж, Сараа бүсгүй ёрын хүүхэлдэйнээс хэрхэн ангижирахыг киноноос үзээрэй. Нээлтээ хийгээд удаагүй, театруудаар гарч байгаа киноны талаар дэлгэрэнгүй ярих нь зохимжгүй биз. Ер нь аливаа ном, зохиол, киноноос үзэгч, уншигч нь ядаж нэг зүйлийг ойлгоод авчихаж байвал болох нь тэр гэж бичигч би боддог. Харин “Хүүхэлдэй” киноны тухайд яаруу сандруу гаргасан шийд, болчимгүй хүсэл юунд хүргэж болохыг харуулсан нь үзэгчидэд нэгийг бодогдуулах биз ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here