Хот суурин газар, орон сууцны хороолол нь хууль тогтоомжид нийцсэн төлөвлөлтийн дагуу, барилгын норм дүрэм, стандартаар тогтоож буй шаардлагын дагуу баригдаж байж тухайн орчинд амьдарч буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.

Гэтэл барилга, хот байгуулалтын тухай хууль тогтоомжийг биелүүлж хяналт тавих чиг үүрэгтэй Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар нь хууль тогтоомжийг өөрсдөө зөрчин, барилгын компанийн эрх ашигт нийцүүлэн хуулийг гууль болгон иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1080 айлын орон сууцны “Шинэ Өргөө”хотхоныг  “Ар Ий Си” ХХК  нь  2013 оноос барьж эхэлсэн бөгөөд уг хотхоноо барилгын төлөвлөлтийн хувьд хотхоны орчны 70%-д ногоон байгууламж, 2-3 хүүхдийн тоглоомын талбайтай, агаарын солилцоо, нарны тусгалыг зохистой түвшинд хүргэх, хотхон дотроо сургууль цэцэрлэгтэй, хамгаалалтын алба, хяналтын камер, цагдаагийн хэсэгтэй байх зэргээр оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн анхны А3 (агаар, амар, амгалан) стандартын хороолол хэмээн реклам, сурталчилгаагаа хийж,  худалдан борлуулсан

Дээрх реклам сурталчилгааны ачаар тус хотхоны барилга сайн борлуулагдан, ихэвчлэн хүүхэдтэй иргэд уг хотхоноос байр худалдан авч, ихэнх оршин суугчид байрандаа орсны дараа “Ар Ий Си”ХХК нь Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газрын албан тушаалтнуудтай хуйвалдан оршин суугчдад мэдэгдэлгүйгээр хотхоны орчны ерөнхий төлөвлөгөөг   өөрчлүүлэн батлуулжээ.

Хуучин төлөвлөгөөгөөр бол тус хотхоны  609, 610 дугаар байрны урд талд газар дор автогараж бүхий газар дээр хүүхдийн тоглоомын талбай барих байсан боловч “Ар Ий Си” ХХК нь ингэж рекламдаж 609,610 дугаар байрыг бусад байрнаас 1м.кв-ыг нь даруй 50.000 төгрөгөөр илүү үнэлж борлуулсныхаа дараа ерөнхий төлөвлөгөөг өөрчлүүлэн одоо байрнуудын урд талд  орон сууцны барилга барихаар суурь цутгаад байна.

Барилгын газар шорооны ажил эхлэх үед оршин суугчид гомдол гаргахад Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар (хуучнаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар) нь 2016 оны 06 дугаар сард өгсөн бичигний хариуд “хүүхдийн тоглоомын талбайн төлөвлөлт хэвээр, тоглоомын талбай, тохижилт бүхий газар дорх авто зогсоол хийж байгаа болно” гэсэн хариуг өгсөн боловч 2016 оны 10 дугаар сарын 20-нд тус хотхоны оршин суугч иргэн Б.Мөнхзулд “2012, 2014, 2015 онд тус тус ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан, 20 айлын барилга баригдаж буй” тухай хариуг өгчээ. /НЕТГ/-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа гэгч нь гомдол гаргасан оршин суугчдийг та нар мэддиймуу гэж утсаар харааж дарамталсан байна. Энэ мэтчилэн төрийн албаны том толгойтой хурган дарга нарт тооцох хариуцлага гэж байдаггүй гэж үү.

Тус хотхоны 3 дугаар ээлжийн 619, 620 дугаар барилгын хооронд орших хотхоны нийтийн эзэмшлийн талбайд бизнесийн зориулалттай барилга барихаар ерөнхий төлөвлөгөөг бас л өөрчилсөн гэсэн мэдээлэл байна.

НХТЕТГ-ын хууль бус үйл ажиллагаа үүгээр тогтохгүй бөгөөд 3 дугаар ээлжийн 10 барилгын гадна тохижилтын ажил огт хийгдээгүй, автозогсоолууд зориулалтын будгаар будаагүй, аюулгүйн тэмдэг,тэмдэглээ, тоноглол хийгдээгүй байхад 2016 он 5 дугаар сард дээрх барилгуудыг байнгын ашиглалтанд хүлээн авчээ.

Оршин суугчид тус хотхоноос орон сууц худалдан авахдаа өөрсдийн орон сууцыг тус хотхоны орчны төлөвлөлттэй хамт худалдан авч хөрөнгө оруулсан байтал “Ар Ий Си”ХХК-ийн удирдлагууд оршин суугчдыг мэхлэн, нэмж мөнгө олохоор улайран бизнесийн ёс зүйгүй аашилж оршин суугчдын эрх ашгийг уландаа гишгэж, НХТЕТГ-ын шийдвэр, үйлдлээрээ өөгшүүлэн дэмжиж байна.

Үүний улмаас “Шинэ Өргөө” хотхонд одоо тоглоомын талбай барих, хөгшид нарлаж амрах газаргүй болсон бөгөөд оршин суугчид нялх хүүхдээ тэвэрч замын хашлага бараадан, хүүхдүүд машины зам дээр тоглож,  хотхонд байгаа цорын ганц тоглоомын талбайд тоглохын тулд хүүхдүүд дугаарладаг төдийгүй тийшээ очих замдаа хүүхэд  осолд орсон  тохиолдолууд ч гараад байна.

Нийтийн албанд нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж, хууль тогтоомжийн дагуу барилгын ерөнхий төлөвлөгөөг  батлан мөрдүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй НХТЕТГ-аас оршин суугчид дараах асуултад албан ёсны тайлбар шаардаж байна.

-Яагаад “Шинэ Өргөө” хотхоны орчны ерөнхий төлөвлөгөөг 2014, 2015 онуудад оршин суугчдад мэдэгдэлгүй өөрчлөн батлав? Энэ нь хууль тогтоомж, оршин суугчдын эрх ашигт нийцэж буй эсэх?

-Яагаад 609 дүгээр байрны оршин суугчдын нарны гэрлийг хааж, барилгын норм дүрмээр тогтоосон барилга хоорондын зайг зөрчин байж орон сууцны барилга нэмж барихаар төлөвлөлтийг өөрчлөн батлав?

-НХТЕТГ нь яагаад  тус хотхоны төлөвлөлтийг 2014, 2015 онд өөрчлөн баталсан атлаа НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшинд худал хариу өгөв?

-НХТЕТГ нь “Ар Ий Си”ХХК-тай ямар онцгой харилцаатай болоод “Шинэ Өргөө”хотхоны 3 дугаар ээлжийн барилгуудыг гадна болон дотор тохижилтын ажил хийгдэж дуусаагүй байхад байнгын ашиглалтад хүлээн авах болов?

-Яагаад НИТХ-ын 2014 оны 5/14 тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлд заасан журмын дагуу барилга барих мэдээллийн самбар байрлуулаагүй,  оршин суугчдаас санал аваагүй “Ар Ий Си”ХХК-д  барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгов?

НХТЕТГ-ын хууль бус шийдвэр, үйлдлийн талаар удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн боловч дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг Дарга нь тус хотхоны оршин суугчдыг хүлээн авч уулзалгүй, энэ талаар ямар ч арга хэмжээ авалгүй өдий хүрлээ.

НИТХ-д олонхийг бүрдүүлж буй МАН “нийслэлээ аз жаргалтай хот болгоно” гэж тунхаглаж, Нийслэлийн Засаг Дарга нь тоглоомын талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хотхоны нийтийн эдэлбэр газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг зогсоох агуулга бүхий 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/779 дүгээр захирамжийг батлан гаргасан боловч хэрэгжүүлэгч агентлаг НХТЕТГ-ын холбогдох албан тушаалтнууд нь “Ар Ий Си”ХХК-ийн эрх ашигт үйлчилж байна.  

Энэ бүх бодит байдлын талаар оршин суугчид удаа дараа өргөдөл гомдол гарган, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан боловч  “Ар Ий Си”ХХК-наас  мэдээ нийтлэлийн гаргахгүй дээгүүр нь хааж боодог, гомдол гаргасан оршин суугчдийг айлган сүрдүүлэх, дарамтлах зэрэг зүй бус үйлдүүд гаргаж байгаа нь хууль хяналт хэрэгжихээ байсныг илтгэж байна.

Энэ албан тушаалтнууд нийтийн албанд ажилласаар, ийнхүү бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байх уу?

АТГазар зөв хүмүүсээ шалгаж байгаа юу? Нүднээс далдуур газрын наймаа барилгын зөвшөөрөл газар авсаар байх уу?

НЗДарга С.Батболд та хамар дорх улаан цагаандаа гарсан хууль бус үйлдлүүдийг харсан ч хараагүйм шиг, мэдсэн ч мэдээгүйм шиг өөхшүүлэн дэмжсээр л  байхуу?

Эх сурвалж: ШУУРХАЙ.МН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here