НМХГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтаас хилийн гүний гаалиар оруулж ирдэг хүнсний бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж ажилладаг. Тус хэлтсээс 2017 оны тавдугаар сард “АБТЭМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр  Хонконгийн  “Golden future trading” компаниас 165848-9 тоот чингэлгээр импортолсон, Brazil green arabica, Indonesia green arabica гэсэн хоёр нэр төрлийн, нийт 475 кг кофены буурцагны чанар, аюулгүй байдалд шинжилгээт хяналт хийжээ.
Хяналт шалгалтын явцад кофены буурцаг тус бүрээс дээж авч, ургамлын хорио цээрийн болон хор судлалын лабораторийн шинжилгээнд хамруулахад хор судлалын шинжилгээгээр нийлбэр афлатоксин “Brazil green arabica” кофены буурцагт 25.171 мкг/кг буюу стандартын шаардлагаас 6 дахин их, “Indonesia green arabica” кофенд 36.397 мкг/кг буюу стандарт шаардлагаас 9 дахин их байсан ба загвар дээжийн давтан шинжилгээгээр нийлбэр афлатоксин 43.80 мкг/кг, 76.16 мкг/кг байсан нь стандартын шаардлагаас 10-19 дахин их байгаа нь Монгол улсын стандарт “Хүн, малын тэжээл дэх микотоксиний үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 6361:2012 стандартын шаардлагыг хангахгүй байна.
Афлатоксин гэдэг нь хөгц мөөгөнцөрөөс ялгардаг, бодисын солилцооны хоёрдогч химийн бүтээгдэхүүн юм. Энэ нь байгальд өргөн тархсан бөгөөд ургац хураахын өмнө үед талбай дахь ургац бохирдуулахаас гадна ургац хураасны дараа хадгалалтын явцад хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулдаг. Байгальд 20 орчим төрлийн Афлатоксин үүсдэгээс B1,B2,J1,J2 гэсэн дөрвөн төрөл нь хүн ба амьтны эрүүл мэндэд хамгийн их хор хохирол учруулдаг бөгөөд хүн малын хүнс тэжээлд үүссэн хөгц мөөгөнцөрөөс үүсдэг. Энэ дотор хамгийн хортой нь B1 афлатоксин бөгөөд бага хэмжээгээр агуулсан хүнсийг удаан хугацаагаар тогтмол хэрэглэх нь элэгний хатуурал болон элэгний хавдар үүсгэх эрсдэлтэй болох нь судалгаагаар нотлогдсон тул 1993 онд Олон улсын хавдар судлалын нийгэмлэг хавдар үүсгэгч хүчин зүйлүүдийн 1-р ангилалд оруулсан байна.
Энэ нь хүнсний бүтээгдэхүүнийг чийглэг ихтэй халуун нөхцөлд зориулалтын бус саванд хугацаа хэтрүүлэн хадгалах, шавж мэрэгчид өртөх зэрэг олон хүчин зүйлс нь хүнсний бүтээгдэхүүн хөгцөрч муудахад нөлөөлөх бөгөөд хүнсэнд үүссэн эмгэг төрөгч, хөгц мөөгөнцөрөөс хор ялгардаг.
Шинжилгээний дүнгээр дээрх хоёр нэрийн кофены буурцаг нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.9, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг зөрчиж байгаа тул улсын ахлах байцаагчийн 02-09-03-148/50 тоот дүгнэлт гаргаж, хоёр нэрийн нийт 389.6 кг, 7.361.350 төгрөгийн кофены буурцагийг хураах тухай 02-02-148/318 тоот акт тогтоож, нийт 2 нэрийн 389.6 кг, 7.361.350 төгрөгийн кофены буурцгийг “Захиргааны журмаар эд зүйл хураах, устгах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий нийслэлийн орон тооны бус зөвлөлд 02-02/1623 тоот албан бичгээр шилжүүлжээ.          Энэхүү импортын кофенд илэрсэн зөрчил нь анхны тохиолдол бөгөөд худалдаанд гараагүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here