Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид  Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн V чуулганд оролцож байна. Мексикийн Холбооны Улсын Канкун хотноо зохион байгуулагдаж буй тус чуулганд улс орнуудын засгийн газрын тэргүүн, сайд, парламентын гишүүд, НҮБ-ын дээд төвшний удирдлага болон эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучуудын байгууллагын 5000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Дэлхийн улс орнууд Гамшгийн асуудлаа нэгдсэн байдлаар зөвлөлдөхөөр цугласан энэхүү чуулганы үеэр  Монгол Улсын Шадар сайд ноён  У.Хүрэлсүхэд НҮБ-ын “Манлайлагч-Төрийн түшээ”  өргөмжлөлийг хүртээсэн байна. Уг нэр хүндтэй өргөмжлөлийг Монгол Улсын Шадар сайд ноён У.Хүрэлсүх,  Мексикийн Холбооны Улсын Ерөнхийлөгч ноён Энрик Пена Нието  нар  хүртжээ.

Шадар сайд У.Хүрэлсүх  Гамшгийн эрсдлийг бууруулах НҮБ-ын  “Манлайлагч төрийн түшээ”-ээр өргөмжлөгдсөнөөр Монгол Улс болон Азийн бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого тодорхойлоход манлайлах үүрэгтэйгээр оролцохоор хүлээн зөвшөөрөгдсний илэрхийлэл хэмээн албаныхан онцолж байна.

Энэ удаа Монгол Улсын Шадар сайдад уг хүндэт өргөмжлөлийг өгөх болсон шалтгаанаа зохиoн байгуулагчдын зүгээс  “Ноён У.Хүрэлсүх нь  Өөрийн эх орондоо гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулахад маш сайн ажиллаж чадсан. Мөн төр засгийн шийдвэрийг гамшгаас хамгаалах чиглэлд хандуулж Гамшгаас хамгаалах тухай хууль болон гамшгийн эрсдэлийн удирдлагын талаарх  бусад хууль эрх зүйн шинэчлэлийг анхлан хийсэн дэлхийн улс орнуудын нэг болсон, Олон Улсын байгууллага болон дэлхийн бусад улсуудтай нягт хамтарч ажиллаж үр дүнд хүрсэн, түүний удирдах чадвар, арга барил, ажлын туршлагыг дэлхийн бусад улс орны шийдвэр гаргах төвшний хүмүүс хуваалцах нь зүйтэй”  хэмээн онцолсон байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн тавдугаар чуулган нь улс орон, байгууллага, салбаруудын хооронд харилцан уялдааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад гарсан тэргүүн туршлага, мэдлэг, мэдээллийг солилцох зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг чуулга уулзалт юм.

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ АНХЛАН ХИЙСЭН ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН НЭГ

Монгол Улс дэлхийн бүс нутгууд, улс үндэстнүүдийн нэгэн адил Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөр болон Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнд нэгдэн орсон байдаг. Дэлхий нийтээр дагаж мөрдөх үүрэг бүхий дээрх бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд уялдуулан тусгаж, үндэсний урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ. Үүнээс гадна Монгол улс Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнд тулгуурлан Гамшгаас хамгаалах тухай хууль болон гамшгийн эрсдэлийн удирдлагын талаарх  бусад хууль эрх зүйн шинэчлэлийг анхлан хийсэн дэлхийн улс орнуудын нэг болсоныг чуулганд оролцох үеэрээ Шадар сайд У.Хүрэлсүх онцолжээ. Тэрэээр цаашлаад

-“Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцдог төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллага, хувийн хэвшил, сайн дурынхан, иргэдийн тэгш оролцоог хангаж, тэдний эрх үүргийн хуваарилалт, хариуцлагыг тодорхой болгосон.

-Үндэсний болон орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийг байгуулж, удирдлага зохион байгуулалтын бүтцийг өөрчилсөн.

-Гамшгийн эрсдэлийг бууруулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн оновчтой механизмыг бий болгосон.

-Гамшгийн  эрсдэлийн үнэлгээний удирдлага, зохицуулалтыг шинэчилсэн.

Мөн 2016 онд Энэтхэг улсын Нью Дели хотноо зохион байгуулагдсан Азийн Сайд нарын анхдугаар хурлаар батлан гаргасан Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүс нутгийн төлөвлөгөөтэй уялдуулан Монгол Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах урт хугацааны стратеги төлөвлөгөөг Монгол улсын Засгийн газраас боловсруулан хэрэгжүүлж эхэллээ”  хэмээн хэлсэн үгэндээ тодотгожээ.

У.ХҮРЭЛСҮХ  “АЗИЙН САЙД НАРЫН БАГА ХУРАЛ”- ЫГ  ДАРГАЛНА

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх, Азийн бүсийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээтэй уялдуулах нь бүс нутгийн улс орнуудын анхаарал хандуулах гол асуудал болоод байна гэдгийг ч Монгол Улсын Шадар сайд тодотгоод  “Иймд Монгол Улсын Засгийн газраас Канкуны Дэлхийн чуулганд оролцож буй бүх улс орнуудад хандан гамшгийн эрсдэлийг бууруулах талаар доорх асуудлуудад хүчин чармайлтаа гарган ажиллахыг уриалж байна. Үүнд:

Бүх бүс нутгуудын хэмжээнд өсөн нэмэгдэж буй хотжилт, хүн амын төвлөрөлийг дагасан эрсдэлийг бууруулах зорилгоор гамшигт тэсвэртэй хот, дэд бүтцийг төлөвлөх, хөрөнгө оруулалт хийх, барьж байгуулах

Гамшгийн хохирлын болон гамшгийн эрсдэлийн мэдээ, мэдээллийн нэгдсэн сүлжээг дэлхийн түвшинд байгуулах, улс хооронд харилцан солилцох мэдээллийн дэд бүтцийг бий болгоход хамтран ажиллах

Гамшигт тэсвэртэй хот суурин газрыг бий болгоход улс төрчид, парламентын гишүүдээс эхлээд иргэд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэний идэвхтэй оролцоог хангах, манлайллыг уриалан дэмжих

Олон улсын болон бүс нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ажилладаг механизмуудын нягт хамтын ажиллагаа, төр-хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх”  зэрэг асуудлуудыг онцолжээ.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ийн Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын 2-р бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажилдаа орж эхний хуралдааныг өнгөрсөн сард амжилттай зохион байгуулсан. Энэ нь манай  улсын Засгийн газрын хувьд НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэг амлалтуудаа биелүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй бодит илэрхийлэл юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here