Хяналт шалгалтын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд улам бүр ойртуулах зорилгоор “Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг сурталчлан таниулах өдөрлөг”-ийг 2017 оны 5 сарын 19-ны өнгөрөгч баасан гарагт зохион байгууллаа.

Энэ үеэр “Зохистой хөдөлмөр-2017” сарын аян нээлтээ хийлээ. МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгаалал тусгай хяналтын газраас “Зохистой хөдөлмөр-2017”  сарын аяныг орон даяар эхлүүлснийг зарлалаа. Тус аяны хүрээнд хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомж, холбогдох стандартын хэрэгжилтийг хангуулах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үр нөлөө бүхий удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, эрсдэлийн менежментийг нэвтрүүлэх,  мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэг олон ажил зохион байгуулах юм.

Мөн Мэргэжлийн хяналтын байыгууллагын зүгээс төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хяналт шалгалтын хүртээмж, үр дүнг сайжруулах, зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахаар зорьж байгаа гэнэ.  Хөдөлмөрийн харилцаа хаана явагдаж байна тэнд хүний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ажлын байр, нийгмийн хамгаалал зэрэгцэн оршиж байдаг хоорондоо харилцан уяалдаатай цогц асуудал билээ. Ажлын цаг, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон нийгмийн сайн сайхан байдлыг хангах, хууль бус хөдөлмөр эрхлэлт, ялгаварлан гадуурхлын асуудлууд, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, нийгмийн хэлцэл зэргээс гадна албадан хөдөлмөр хийлгэх зэрэг өргөн хүрээний асуудлууд хөндөгддөг.

Уг өдөрлөгийн хүрээнд мэргэжлийн хяналтын байцаагч нар чиглэл тус бүрээр зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн санал гомдлыг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллажээ.

Өдөрлөгийн үеэр хэрэглэгчийн хяналтын хуудсыг бөглүүлэх, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтыг гүйцэтгэх гэрээ байгуулах, дозиметр олгох, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм,  Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, Цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг хянаж, баталгаажуулах, мөн эдгээр бичиг баримтыг боловсруулах зөвлөгөө өгөх, ундны ус, хөрсөнд радон тодорхойлох хэмжилт хийх /үнэ төлбөргүй/, импортын автомашинд цацрагийн хэмжилт хийх /үнэ төлбөргүй/, цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тэсрэх материалын хуудсыг олгох, тарьц, суулгацыг арчилж ургуулах талаар зөвлөх, бүх шатны боловсролын байгууллагуудын элсэлт, төгсөлттэй холбоотой хууль бусаар авч байгаа төлбөр хураамжийн талаарх мэдээлэл хүлээн авах, бүтээгдэхүүнд хүчиллэг тодорхойлох титрийн шинжилгээ, арчдасны шинжилгээ, усны шинжилгээг зөөврийн багажаар хийх, явуулын лаборатори ажиллуулж хүнсний ногоо, сүү, ундаа, жүүсэнд газар дээр нь шинжилгээ хийх, зөөврийн халуун хэмжигчээр иргэдийн халууныг шалгах, хилээр нэвтрүүлэх хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн шалгадаг талаар үзүүлэх сургууль зохион байгуулах, зорчигчдын эрүүл мэндийн тодорхойлолт хэрхэн бөглөх талаар заавар зөвөлгөө өгөх зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулсан байна.

Өдөрлөгийн цар хүрээ өргөн, үзэж сонирхохоор ирсэн иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй арга хэмжээ болж өнгөрлөө.

Эх сурвалж: inspection.gov.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here