Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байранд 48 настай М гэгч бусдад хутгалуулан нас барсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Цагдаагийнхан хэргийг мөрдөн шалгах явцдаа талийгаачийн хүү М.Бямбатүшигийг сэжигтнээр татан  саатуулан шалгаж эхэлсэн байна. Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагад М.Бямбатүшиг анх дуудлага өгсөн бөгөөд “Миний аав бусдад хутгалуулан нас барлаа” гэж хэлсэн байна. Харамсалтай нь хэргийн газар ирэхэд өөрөө алга болсон байжээ.

Ингээд талийгаачийн хүүг саатуулан шалгаж байцаахад аавыгаа согтуу гэртээ ирэхэд маргалдаж хэвлий тус газар нь дөрвөн удаа хутгалан ам насыг нь хөнөөсөн  гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр “Би өөрөө тэр өдөр согтуу байсан. Аавыг согтуу ирэхэд бухимдаж маргалдсан. Яагаад гэр бүлээ орхин өөр амьдрал зохиох болсон. Ээжийг яагаад зоддог талаар ярьсан. Ингээд уурандаа хутгалсан. Нэг мэдсэн аав газар унасан миний гарт хутга байсан. Цагдаад дуудлага өгчихөөд айгаад зугтсан. Аавыг өөр хүнтэй суугаад биднийг хаяад явсанд би маш их гомддог байсан” гэж мэдүүлсэн байна.

Мөн хэргийг шалгах явцад М.Бямбатүшиг хүү ээждээ  хэрэгийн талаар хэлсэн байна. Өдгөө 17 настай хүү аавыгаа салж явснаас хойш хичээлдээ муудаж, ойр орчмынхоо архи уудаг нөхөдтэй нийлэх болсон. Талийгаач гэр бүлээсээ салж өөр амьдрал зохиосон. Өмнө архи уухаараа эхнэрээ зоддог, хүүтэйгээ маргалддаг байсан  гэдгийг байрных нь оршин суугчид хэлсэн байна.

Гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж өсвөр насны хүү өнөөдөр Хүүхдийн хорих ангид хоригдож байна. Хүүгийн мэдүүлгээс харахад аав нь багад нь гар хүрдэг байсан, ээж аав нь маргалддаг, ээжийг нь зоддог, аав нь гэр бүлээ орхин явсан зэрэг нь сэтгэл зүйн хувьд маш хүнд дарамт болж байжээ. Тиймээс эцэг эхчүүдээ үр хүүхдийнхээ дэргэд маргалдахгүй, зодолдохгүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үр хүүхдийнхээ бага нас насанд сайн мэдрүүлж эелдэг зөөлөн, бусдыг хайрладаг, зөв хүн болгон төлөвшүүлэхийг уриалж байна.

Г.Санчир

Эх сурвалж: www.times.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here