Хаврын чуулган эхэлснээс хойш улс төрийн топ сэдэв Тавантолгой боллоо. АН-ынхан Тавантолгойд төрийн эзэмшил 51 хувьтай байх ёстой гэв. Харин МАН-ынхан гэрээг ямар ч байсан маш түргэн шуурхай хэлэлцэж эхэлье хэмээж байна. Тэгвэл өчигдөр МАХН-ынхан мэдэгдэл хийж, “Тавантолгойн гэрээг дэмжихгүй. Тавантолгой бол Монголын ард түмний өмч” гэлээ. Энэ мэтээр Тавантолгойн гэрээг тойрсон улстөрчдийн маргаан нэг хэсэгтэй л үргэлжлэх шинжтэй.

Хөндлөнгөөс харахад нэг нь гэрээг бүх чадлаараа эсэргүүцээд, нөгөө нь урагшлуулахаар зүтгээд байгаа ч юм шиг. Мэдээж тэд бүгдээрээ Тавантолгойг урагшлуулахыг хүсэж байгаа. Харин яаж гэдэг дээр бодлогын маргаан өрнүүлсээр буй ч удахгүй ямар нэгэн шийдэлд хүрэх биз ээ. Тиймээс үүнийг хойш тавиад үндсэн сэдэвтээ оръё.

Зүгээр л байж байсан Тавантолгойг хэн гацаачихав.

Ер нь бол Тавантолгойн орд дээр бүх ажил хэвийн явагдаж байсан. Гэтэл шинэ Засгийн газар гарч ирсэн даруйдаа “Тавантолгойг гацаанаас нь гаргах хэрэгтэй” хэмээсэн. Харамсалтай нь, гацаанаас гаргах бус харин ч нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчихлоо.

Энэ бүх хөрөнгө оруулалтын гэрээ, сонгон шалгаруулалт яригдаж эхлэхээс өмнө Тавантолгойн ордод ямархуу үйл ажиллагаа өрнөж байсныг эргэн саная.

“Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн ордын баруун цанхид дотоодын компаниуд олборлолт хийн нүүрсээ экспортолж байсан. Хятадын “Чалко”-той хийсэн гэрээний дагуу баруун цанхиас олборлох нүүрсийг тус компанид нийлүүлж байв. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компани зүүн цанхид нүүрс олборлох гэрээт олборлогчдыг шалгаруулсан. Эндээс олборлосон нүүрсээ Хятадын бусад компани, аж ахуйн нэгж, бүр цаашилбал гуравдагч хөршид экспортлох чиглэлтэй ажиллаж байлаа. Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компани 5.4 сая тонн нүүрс экспортолж, Монгол дахь компаниуд дотроо дээд амжилт тогтоосон. Харин 2015 оны эхний улиралд 1.8 сая тонн нүүрс экспортлоод байна.

Одоо яригдаж байгаа гэрээгээр Тавантолгойн ордод “Энержи Ресурс”, “Шенхуа Энержи” болон “Сүмотомо” гэсэн гурван компанийн нэгдэл орохоор байгаа.

Тэгвэл үүнээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани өөрсдөө яриа, хэлэлцээр хийгээд хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байж. Тавантолгойн 49 хувь дээр “Шенхуа Энержи” болон “Пибоди Энержи” компанийн нэгдэл орж ирэх, үлдсэн 51 хувьд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани ажиллах гэрээ, хэлэлцээр эцсийн шатандаа орчихсон байсан. Гэвч уг хэлэлцээрийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас Засгийн газарт оруулахаас 20 хоногийн өмнө тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “Наадахаа боль” хэмээн үүрэгдсэн сурагтай.

Үүний дараа Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдсан. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас шалгаж эхэлсэн байгаа юм. За энэ ч яахав.

Өнгөрсөн хугацаанд нүүрсээ экспортлоод зогссонгүй. Японы холбогдох компаниудтай яриа, хэлэлцээр хийж, нүүрсээ хуурай аргаар боловсруулах үйлдвэрийн технологи оруулж ирэхээр бэлдэж байв. “Энержи Ресурс”-ээс автозамыг нь худалдаад авчихсан. Дээрээс нь хилийн төмөр замын асуудлыг бүрэн шийдвэрлэж, экспортын нэг цонхыг нэвтрүүлснээр зардлаа эрс бууруулаад байв. Үр дүнд нь тус компани одоо олборлож буй нүүрснийхээ тонн тутмаас 5.8 ам.долларын ашиг олж байна. Чамгүй өндөр ашиг. Тус компани сүүлийн гурван жилд ашигтай ажилласан гэх тайлангаа саяхнаас ил тод болгоод байгаа.

Энэ мэтээр дурьдвал, Тавантолгойн орд дээр бүх зүйл хэвийн л явж байсан байгаа юм.

Тэгвэл одоогийн байдлаар Тавантолгойн зүүн цанхийн олборлолт зогссон байна. Тэнд гадаадын компаниуд гэрээгээр олборлолт хийж байсан. Шинэ хөрөнгө оруулалтын гэрээ яригдаж эхлэнгүүт зүүн цанхи дээрх үйл ажиллагаа түр зогсож, хүлээлтийн байдалд шилжсэн байна. Баруун цанхиас олборлолт явуулж буй ч өмнөх шигээ эрчтэй байхаа больсон гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид өчигдөр жагсаал хийж, “Юун түрүүнд ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө тэмцэж байна” хэмээсэн.

Ер нь “Эрдэнэс Тавантолгой” өөрөө ажиллаад явж байхад Тавантолгойн орд “дампуурна” гэсэн баталгаа хаана ч байхгүй. Үүний нөгөө талд хөрөнгө оруулагчид орж ирлээ гээд Тавантолгойн үйл ажиллагаа улам гялалзаад, мундаг болчихно гэх баталгаа ч харагдахгүй байна.

Ямар ч асуудалгүй, хэвийн ажиллаж байсан компанийг хатуухан хэлэхэд шууд “дампууруулаад” Тавантолгойн ордыг ашиглах бусад компанийг оруулж ирээд, эзэн суух гээд ч байгаа юм шиг. Одоо хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулбал, “Эрдэнэс Тавантолгой” тус ордын лиценз эзэмшигч гэх хоосон нэрнээс цаашгүй үлдэх юм билээ.