УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ “Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй” гэж Тавантолгойн мега төслийн талаар онцолсон нь олны анхаарлыг эрхгүй татав. Түүнд УИХ дахь намын бүлгүүд ч анхаарлаа хандуулж, бүлгийн хуралдаанаараа энэхүү асуудлыг хэлэлцжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг Тавантолгой төслийн талаар гурван зүйл заалттай шийдвэр  гаргаснаа зарласан. Үүнд: Нэгд, АН-ын бүлэг бусад намын бүлэгтэй хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Хоёрт, хэлэлцэгдэж байгаа гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай. Гуравд, УИХ-аар хэлэлцүүлсний дараа гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгох нь зүйтэй гэж үзсэн байна.

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн үеэр өнөөдөр гарын үсэг зурах гэж байсан гэрээний төслийн талаар мэдэгдэл хийсэн болохоо онцлон тэмдэглэв. Мөн тэрээр, “Тавантолгой бол монголын нийт иргэд хувьцаа эзэмшдэг онцлогтой компани. Ийм том хэмжээний гэрээг нийт хувьцаа эзэмшигчид, мэдэж ойлгож, юу хийх гэж байгаагаа ухамсарлах ёстой. Тиймээс энэ ил тод байх хэрэгтэй хэмээн үзэж, уг төсөлтэй холбоотой гэрээг олон нийтэд нээлттэй байлгахыг шаардаж, вэб сайтад өнөөдөр байршуулсан. Мөн УИХ-ын гишүүдэд тараасан” гэв. Мөн тэрээр Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ хяналт тавих бүрэн эрхтэй болохыг тэмдэглэн хэлээд, Ерөнхий сайдыг уг асуудлыг УИХ-д өргөн барьсан тохиолдолд цаг алдахгүй хэлэлцэж, шийдвэрлэнэ гэдгээ мэдэгджээ.

Харин улсын сайд М.Энхсайхан УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганы хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Тавантолгой төслийн хэлэлцээний нөхцөл байдлыг буруу ойлгуулах тун хариуцлагагүй мэдэгдэл хийсэн хэмээн шүүмжлэв. Тэрээр “Нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгах” гэсэн аюулгүй байдлын баримтлалын заалтыг зөрчиж байна гэсэн нь бодит үнэнд нийцэхгүй юм. Энэ тооцоог Ажлын хэсэг гаргаж  Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулсан бөгөөд дээрх заалт зөрчигдөхгүй гэсэн юм.

Гэвч зарим улс төрч, эдийн засагчид улс орны эдийн засаг, цаашлаад үндэсний аюулгүй байдалд харшлах зүйл заалт тус гэрээнд цөөнгүй байгааг өгүүлж байгаа юм.

Тавантолгойн гэрээний зүйл заалтууд

-Төслийн компани нь бүтээгдэхүүнийг нийлүүлэх зах зээлийг сонгох, нүүрс боловсруулах зардал, үнэлгээг тодорхойлох, борлуулах, бүтээгдэхүүний тоо хэмжээ, худалдах үнийг тогтоох, тээврийн давтамж, тээвэрлэлтийн хэлцэл болон арилжааны бусад нөхцлийг тодорхойлох зэрэг бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой шийдвэрийг гарган бие даан ажиллах эрхтэй байна. (Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн 2.5 b )

-Энэхүү гэрээний хавсралтын 1.1 д заасан газрыг эзэмших эрхийг 60 жилийн хугацаатайгаар олгож, хугацааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сунгах ( Гэрээний хавсралтын E 1.3 )

-Төмөр замын концессын 30 (гучин) жилийн хугацаа дуусгавар болоход концесс эзэмшигчийн нийт гаргасан хувьцааны 51 хувийг шилжүүлэх замаар тухайн төмөр замын суурь бүтцийн өмчлөлийн 51 хувийг төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэх бөгөөд концесс эзэмшигчийн үлдэх 49 хувийн хувьцааг хөрөнгө оруулагчдаас сонгосон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий, ур чадвартай хөндлөнгийн этгээдээс тооцоолон гаргасан төлбөртэйгөөр худалдаж авах замаар төмөр замын суурь бүтцийн үлдсэн 49 хувийг Засгийн газар эзэмшилдээ авах эрхтэй. (ГЭРЭЭНИЙ 2.6 b)

-Нэр заасан хамааралтай этгээд нь төрийн өмчлөлд үл шилжүүлэх нөхцөлтэйгөөр нэмэлт болон бусад туслах дэд бүтцийг байгуулах, ажиллуулах, өмчлөх (төмөр замын концессын гэрээнд нарийвчлан тусгана) эрхтэй байх бөгөөд… (ГЭРЭЭНИЙ 2.6 e)

-ЭТТ нь ТТ-н газрыг төслийн компанийн эзэмшилд бүрэн шилжүүлсэн; (ГЭРЭЭНИЙ 3.3 i)

-ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигчийн хувьд энэхүү Гэрээний дагуу төслийн компанийн төлсөн хамтын ажиллагааны төлбөрөөс Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ЭТТ-д ногдуулсан Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр явуулсан уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүхий л татвар, төлбөр, хураамж болон бусад төлбөрийн үүргийг хариуцна. ( ГЭРЭЭНИЙ 3.6 a)

-Мөнгөн хөрөнгөө Монгол Улсад болон Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна эзэмших, татварын үүрэг (ногдуулсан тохиолдолд)-ээ биелүүлсний дараа чөлөөтэй захиран зарцуулах; (ГЭРЭЭНИЙ 3.7 ii)

-Бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, арилжаанаас Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна олсон бүх орлогоо гадаад улсад байршуулах, чөлөөтэй захиран зарцуулах; (ГЭРЭЭНИЙ 3.7 iii)

-Бүтээгдэхүүний борлуулалт, арилжаа, экспортоос Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлээн авсан бүх орлогоо (ногдол ашиг, эсвэл бусад хэлбэрээр хуваарилах зэрэг арга замаар) гадаад улсад саадгүй гаргах, чөлөөтэй захиран зарцуулах, (зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр гэх мэтчилэн) бусад төлбөрийг гадаад улсад хийх; ( ГЭРЭЭНИЙ 3.7 iv)

-Энэхүү Гэрээний хугацаа нь урьдчилгаа төлбөр төлөгдөх өдрөөс хойш [гучин (30)] жил байх бөгөөд төслийн компани энэхүү Гэрээг цуцлах тухай ЭТТ-д мэдэгдсэнээс бусад тохиолдолд дээрх хугацаа дуусах үед хугацаа нь дор дурдсан үндэслэлээр дахин гучин (30) жилийн хугацаагаар автоматаар сунгагдана (ГЭРЭЭНИЙ 4.1 a)

-Гэхдээ төслийн компани энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш арван хоёр (12) сарын дотор уул уурхайн үйл ажиллагаанд зориулан ЭТТ-н боловсруулсан одоогийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн  техник, эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулна; (ГЭРЭЭНИЙ 5.1 b)

-Энэхүү Гэрээ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид өөрөөр зааснаас бусад тохиолдолд төслийн компани бүтээгдэхүүний борлуулалт, арилжаа, экспортоос Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлээн авсан бүх орлогоо (ногдол ашиг, эсвэл бусад хэлбэрээр хуваарилах гэх мэт арга замаар) гадаад улсад саадгүй гаргах, чөлөөтэй захиран зарцуулах гадаад улсад аливаа төлбөр (зээл, үндсэн төлбөр, хүүгийн төлбөр гэх мэт) гүйцэтгэх эрхтэй байна; ( ГЭРЭЭНИЙ 6.1 f)

-Төслийн компани энэхүү Гэрээгээр олгогдсон эрх, ашиг сонирхлоо хөрөнгө оруулагчид, эсвэл санхүүжүүлэгчид барьцаалах эсвэл шилжүүлэх эрхтэй. Гэрээний 6.1(o) хэсэгт заасны дагуу тухайн барьцааг хууль ёсны болгох үүднээс хөрөнгө оруулагчид болон санхүүжүүлэгчийн тавьсан зүй ёсны шаардлагын дагуу Засгийн газар, ЭТТ зүгээс шаардлагатай мэдэгдэл, нотолгоог гаргаж өгнө. (ГЭРЭЭНИЙ 6.1 o)

-Гэрээний хугацаанд Цанхийн талбайгаас нүүрсийг байгалийн байдлаас нь олборлосноор тухайн нүүрсний өмчлөх эрх Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигч ЭТТ-гоос төслийн компанид шилжинэ. (ГЭРЭЭНИЙ 10.1 b)

Эх сурвалж: www.medee.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here