Шүүхээс өнгөрсөн баасан гаригт түдгэлзүүлэх шийдвэр гарсаар байтал Дүнжингарав уралдаан өнгөрөгч ням гаригт болдгоороо болж, “Баян уяачид шүүхийг үл тоомсорлов” гэсэн дургүйцлийн галыг өрдөөд байна.

Үнэндээ бол энд уралдааны товыг баталсан Засгийн газар шүүхийг эс тоомсорлов уу гэсэн нь илүү зүйтэй мэт. Гэвч хэдийнэ “уяачдын Засгийн газар” цолтой болсон Засгийн газрын хувьд ч “дарга нар”-ын гэгдсэн Уяачдын холбооны хувьд ч ялгаагүй дургүйцлийн давалгааны бай болов. Энэ удаад хүүхдийг өвлийн хүйтэн, хаврын хархигт морь унуулан уралдуулах нь зөв буруу эсэх тухайд түр орхиод харин шүүхийн талаас нь авч үзэх гэж оролдоцгооё. Тэртэй, тэргүй хангалттай буруутгал, шүүмжлэл байгаа болохоор.

Янз бүрийн шүүмжлэлийг түр орхиод байж болох тайлбаруудыг жагсаах гэж оролдоё.

Том толгойлон уралдаанаа явуулсны хамгийн үндэслэлтэй байж болох тайлбар нь:

Шүүхийн шийдвэрийг бичгээр хүлээн аваагүй, давж заалдах долоо хоногийн хугацаа байгаа гэх. Уралдаанаа товлочихсон, маш олон хүн хөдөө орон нутгаас ирсэн гэх мэт бол шүүхэд тайлбар биш. Бодвол баасан гаригт болсон шүүхийн шийдвэрийг Засгийн газарт өдөрт нь хүргэж өгч чадаагүй, Засгийн газар ч өдөрт нь багтаан хариу өгөх боломжгүй байсан гэх биз. Хэдийгээр энэ шийдвэрийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлсэн нь ч хэвлэл албан ёсны субьект биш гэсэн “хуулийндуу” тайлбар, шударгаар нь бол Ц.Нямдорж гуайтан шиг “Манайд зурагт байхгүй ээ, би мэдээгүй” гэчихэд л бараг хангалттай. Уг нь бол “хүсэл” байсан бол Засгийн газрын төлөөлөн ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга шүүх хуралд биечлэн оролцсон. Хуралд оролцохдоо л Ерөнхий сайдын гарын үсэгтэй итгэмжлэл авчирч амжсангүй гэж “пээдийсэн” сурагтай тэрээр “Ажлын цагт багтаан зохих албадуудад танилцуулж, хариу авах боломж байгаагүй” л гэх байлгүй дээ.

 Харин шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд яах ёстой вэ?

Шүүхийн тайлбар нь:Маргалдагчдын аль нэг тал шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай хүсэлт гаргаагүй бол шүүх, цагдаа арга хэмжээ авах боломжгүй-Энд мөн л цаг хугацааны хүчин зүйл яригдах байх.

Буруутгал нь:Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд сайн дураараа заавал биелүүлэх ёстой.

Одоо тэгээд яах вэ?

Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс болж хохирол учирсан тохиолдолд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргана. Одоогоор соёлонгийн уралдаанд гэхэд 30 гаруй хүүхэдгүй морь барианд ирсэн, 24-25 хүүхэд гэмтсэн гэж цагдаагийнхан ярьж байсан гэсэн албан бус сошиалын мэдээлэл байна. Хэрвээ хүүхэд бэртэж гэмтсэн бол хохирлыг нэхэмжлэх эрхтэй. Бодвол анх нэхэмжлэл гаргасан хүүхдийн төлөө ТТБ-ууд үүнийг анхааралдаа авсан биз. Мөн шүүхийн шийдвэр биелүүлээгүй тухайтад Үндсэн хуулийн цэцэд хандах боломжтой юм.

Шүүхийн шийдвэрийн эргэн тойронд тайлбарыг томьёолоход нэг иймэрхүү.

Дашрамд ердөө нэг жилийн өмнө буюу 2016 оны хоёрдугаар сард өмнөх Засгийн газар өвөл хаврын уралдаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон, Монгол Улс нэлээд эрт Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг хориглох тухай олон улсын конвенцид нэгдсэнийг сануулах юун.

Хууль зүйн дэд сайд юу жиргэв

Засгийн газар шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосон тухай шүүмжлэл ид өрнөж байх зуур Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр:

“Үндсэн хуульд зааснаар ЗГ-ын шийдвэрийг ЗГ өөрөө, эсхүл УИХ хүчингүй болгох эрхтэй. Захиргааны шүүх ЗГ-н шийдвэрийг хянахгүй гэж Цэц шийдсэн” гэж жиргэсэн бас нэг анхаарал татах сэдэв болов.

Эндээс Засгийн газар гэдэг хууль зөрчсөн тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд ч харьяалагдахгүй “хэмжээгүй эрхт хаан” болсон мэт сэтгэгдэл төрүүлэх нь зүй. Хууль тогтоох дээд байгууллага УИХ болоод Үндсэн хуулийн цэцийг эс тооцвол шүү дээ.

Гэвч эрхэм дэд сайдын жиргэсэн энэхүү “чухал” шийдвэр нь 2005 оных. Өөрөөр хэлбэл 2016 оны долдугаар сарын 1-нээс өмнө хүчин төгөлдөр байсан хуулинд хийсэн тайлбар. Харамсалтай нь, эрхэм дэд сайд энэ хуулийн шинэчилсэн өөрчлөлт 2016 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болсныг “мартсан” эсвэл мэддэггүй бололтой.

Өмнө захиргааны хэргийн шүүхийн хамаарлыг

-Улсын Засгийн газрын гишүүн /Ерөнхий сайд, сайд/;

-Монгол Улсын яам

-Монгол Улсын Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг гэгчилэн Засгийн газрыг “орхигдуулан мартсан” байсныг 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр  баталсан хуулиар өөрчилсөн.

5.3.Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу хууль тогтоох, гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно гэсэн болон байгууллагуудыг нарийвчлан заасныг Захиргааны ерөнхий хуулийн Хоёрдугаар бүлгээс харж болно. /Хуулийг ЭНД дарж харна уу/

4.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ЭНД дарж харна уу/ гэсэн заалт ч шинэ хуулинд байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

13.1-т “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэсэн заалтад одоогоор Үндсэн хуулийн цэц дээр ямар ч маргаан үүссээгүй байгаа гэдгийг Хууль зүйн дэд сайд мэдмээр сэн.

Эцэст нь шүүхийн процетур, хуулийн заалтууд, цаг хугацааны хамаарлыг хэрхэн яаж тайлбарласан ч Засгийн газар хийгээд Монголын уяачдын холбоо олон нийтийн дунд шүүхийг үл тоомсорлосон гэсэн ойлголтыг гүн гүнзгий суулгаж орхив. Дээр нь Хууль зүйн дэд сайдын бяцхан андуурал ч хуулийн байгууллагынхны дунд хөөрхөн маргаан дэгдээх байх. /Жич:Захиргааны хэргийн талаар бас олон маргаан ч байдгийг эрхэм сайд хөндөх гэсэн болов уу.Гэвч харамсалтай, илүү сөрөг сэдлийг төрүүлчих шиг/

Эцэс нь зүрхлэн дүгнэхэд, эндээс хууль, шүүхийг үл тоомсорлосон байдал гаргах гээгүй, эсвэл гаргах шахсан ч иймэрхүү үйлдэлд олон нийт хэрхэн дургүйцэж, магадгүй мушгин гуйвуулж болохыг шинэ Засгийнхан харж, ойлгосон болов уу.

Одоо хэчнээн тайлбарлаж, хуулийн “гаргалгаа” гаргасан ч М.Энхболдын Засгийн газар шүүхийг үл тоомсорлогч, “уяачдын засаг” шүүхийг доромжилсон гэсэн сошиалд тархсан шүүмж магадгүй хэтрүүлэг, гуйвуулалт байсан ч тийм амархан балрахгүй л болов уу? Ийн Дүнжингараваас үүдсэн маргаан М.Энхболдын Засгийн газарт шүүхийг үл тоомсорлогч гэсэн эвгүй тамга дарчих шиг боллоо доо. Ялихгүй юмнаас ямааны гарз аа гэж…

Магадгүй морины уралдаанаас үүдсэн маргаан захиргааны хэргийн “ойлгомжгүй хэсгүүд”, Засгийн газар захиргааны хэргийн шүүхийн өмнө “занхайгаад” байгаа шалтгуудыг өөрчлөх том маргааныг ч хөдөлгөж болох юм. Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөчихөв үү, харин?

А.Алтантуяа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here