УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Уянга, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийлсэн. Мөн Г.Уянга гишүүн хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан ч олонхийн санал авсангүй. Ингээд тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. УИХ гацууртын ордыг стратегийн ордод хамруулах шийдвэрийг 2015 оны нэгдүгээр сард гаргасан. Харин төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай асуудал хоёр ч удаа УИХ-ын босгыг давж чадалгүй унасан билээ. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд уг асуудлыг нухацтай хэлэлцэж, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийснээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байхаар, мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 3 хувь  байхаар тогтсон байна. Түүнчлэн алтны үнээс хамаарч 3 хувийн роялти өөрчлөгдөж байх, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдэж байхаар тогтоолын төсөлд тусгажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here