Хосуудын баяр хаяанд ирж, хаана очиж хэрхэн “армаанчик”-лахаа товлосон уу. Залуус ч яахав, захын паб, ресторанууд тэдэнд зориулж зоогийн ширээнээс авахуулаад амьд тоглолт, аятайхан сюрприз барьчихна. Тэгвэл дунд насныханд поп хатагтай Б.Сарантуяа хайрын баяраа хамгийн сайхнаар тэмдэглэх боломж олгож байна. Тэгэхдээ бүр “Аргагүй амраг”-аараа бэлэг барих аж.

Өнөө бидний ярьдаг монгол поп гээчийг дуучин Д.Болдоос ч өмнө, тэртээ 20 жилийн өмнө биелэл болгочихсон Б.Сараатай ардын дууны этник хувилбараар өрсөлдөх нь байтугай дөхөж очих дуучин одоо хэр нь байхгүй. Тиймдээ ч 20 жилийн тэртээ “Аргагүй амраг” тоглолтоороо Монголын рок поп урлагт дэвшил авчирч, дуулиан тарьсан поп хатагтай тэнд багтсан дуунуудаа нэгтгэн цомог болгож, Сингапурт өндөр түвшинд хэвлүүлсэн анхны дуучнаар тодорч байлаа.

Тиймээс л “Аргагүй амраг” тоглолтыг ард түмэн мартах нь битгий хэл поп хатагтайгаас нэхэж, шил дараалан хоёр ч нүсэр тоглолт хийчихээд байхад нь амралт өгөхгүй “Ахиад тоглолт хий” гэж шаардсан юм билээ.

Поп хатагтай Б.Сарантуяагийн урын санд 500-гаад дуу бий гэдэг. 20-р зууны шилдэг дуучин, 30 жил тайз эзэгнэсэн хатагтай хоёр гурваар зогсохгүй хэдэн жил тоглолт хийсэн ч чадахаар барагдашгүй уран бүтээлтэй байхаас ч яахав. Харин энэ удаа алдарт “Аргагүй амраг”-аа ахин сэргээхдээ зориуд гэгээн хайрын баярыг тохиолдуулсан нь юутай таатай.

Нэмж дурьдахад, Монголын рок поп урлагийг “хөлд оруулсан” On&Off продакшн олон жил поп хатагтайтай хамтарч ажилласных, энэ удаад ч гар нийлж, “Corporate convention center”-т тоглолтоо хийх юм билээ. Тиймээс тоглолтын чанар чансаа, дуугаралт, өнгө будаг зэрэгт эргэлзэх хэрэггүй. Та зүгээр л биеэ бэлдээд, хайртыгаа хөтлөөд, хоёрдугаар сарын 10-ны 19:00 цагаас “Аргагүй амраг”-ийг зориход л болно.