Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой 10 орчим хүн бий. Тэдний өөрийгөө нэр дэвшүүлэх чин хүсэлтэй 5 хүн бол байгаа гэхэд болно. Эдгээр хүмүүсийн хэн нь Ерөнхийлөгчид өрсөлдүүл ялалт байгуулах магадлалтай вэ? Үүнийг 2 сард хуралдах АН-ын 7-р их хурлаар эхлээд дэнслэнэ.

С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг намын даргыг сунгаагаар тодруулсан шиг системээр явуулах саналтай байгаа. Үүнийгээ 7-р их хуралд оруулж хэлэлцүүлнэ.

Тэгэхээр С.Эрдэнэ хэн нэгэн дарга, хэн нэгэн фракцын төлөөллийг дэмжихийн оронд арьсаа хамгаалсан үйлдлийг нэн тэргүүнд хийх нь байна. Энэ бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг намын нийт гишүүдээсээ сонгуулах. 176 мянган гишүүнтэй ч татвараа төлдөг нь 120 мянга. Үүнээс санал өгдөг нь 80 мянга. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулж чадах болов уу? Нөгөө талдаа хугацааны асуудал яригдана. Нэр дэвшигчийг тодруулах хугацаа тус намд бий юу? Энэ л асуултын тэмдэг болж байна аа. Иймээс АН-ын 7-р их хурлаар уг асуудлыг хэлэлцээд хурлын төлөөлөгчид санал хураалтаар нэр дэвшигчээ тодруулна гэх магадлал өндөр юм.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай 4 эрхэм хэн вэ?

Р.Амаржаргал: Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Монгол Улсын их хурлын гишүүн асан. Түүний хувьд нэр нь элдэв хэл аманд өртөөгүй. Өөнтөгч, өө хайсан хар пи-ар хийдэг хүмүүст өгөөш болохгүй нэгэн. Түүний хувьд АН-аас нэр дэвших боломжтой гэдэг дээр олон эгэл гишүүд нь хэлдэг. Гэвч түүний дутагдал нь багаар тоглохдоо муу. Фракцын дэмжлэг султай нэгэн.

 

Э.Бат-Үүл: Нийслэлийн засаг дарга асан. Түүний хувьд МАН-аас өрсөлдөх хэнийг ч ялах магадлалтай улс төрч гэж олон нийт харж байгаа гэхэд болно. Гагцхүү Сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд түүний хувь нэмэр их байсан. Үүнийхээ горыг амсч Нийслэлд Э.Бат-Үүлийн баг ялагдсан билээ. Түүнд фракцын дэмжлэг сул. Гэхдээ нийт гишүүдийн дэмжлэг бол өндөр. Харин түүнийг хоргоох, муу муухай мэдээлэл бол их олон гарна. Наандаж л Нийслэлийн засаг дарга байхдаа хийсэн зарим ажлыг нь өрсөлдөгч нь харлуулах гэж зүтгэнэ.

Н.Алтанхуяг: Монгол Улсын Ерөнхий сайд асан. Түүний хувьд Ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхолтойгоо мэдэгдчихсэн. Сая намын даргын сонгуульд өрсөлдсөн. Ингэхдээ гол хөзрөө тэр дэлгэж явсан гэхэд болно. Уулзсан уулзалт болгондоо намын даргын өрсөлдөөний мөрийн хөтөлбөр гэхээсээ илүү Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. АТГ түүнийг ялагдагчаар татах тухай яриад эхэлсэн. Ийм нөхцөлд түүний нэр дэвших боломж тун бүрхэг харагдаад эхэллээ.

Г.Батхүү: УИХ-ын гишүүн асан түүний хувьд өнгөрсөн 4 жил нам нь эрх барьж байхад ямар нэгэн албан тушаалд зүтгээгүй. Энэ удаа нам нь унасан байхад ийш тийш гүйхгүйгээр анхан шатны нэгж тус бүрт хүрч үйлчлэхээр ажиллаж байгаа зэрэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа нэг хэлбэр нь байж болох юм. Түүний хувьд фракцын дэмжлэг өндөртэй улс төрч. Түүний эргэн тойронд намдаа нөлөөтэй олон улс төрчид суугаа.

Эх сурвалж: www.asuudal.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here