“Гачуурт”-ын Л.Чинбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарын зургаан айлын Нүхтийн аманд байрлах гэрт БНСУ-ын иргэн Пак гэгч нууцаар нэвтэрч, алтан бурхан, үнэт эдлэлийг хулгайлсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл онц их хэмжээний хохиролтой зохион байгуулалттайгаар үйлдсэн эл хулгайн гэмт хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид шуурхай ажиллан илрүүлж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Уг хэргийг Монгол Улсын иргэн 1977 онд төрсөн, эрэгтэй “Х” нь БНСУ-ын иргэн 1971 онд төрсөн “Б”-тай урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Цагдаа нар тэднээс хулгайд алдагдсан их хэмжээний үнэт эдлэл, түүхийн ховор эд зүйлийг хураан авчээ. Хулгайлсан эд зүйлийн дотор 20 гаруй алтан бурхан, олон тооны мөнгөн аяга зэрэг байсан бөгөөд нийтдээ нэг тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх аж. Мөн Х, Б нар өөр хэд хэдэн айлаас хулгай хийхээр судалж байсан баримт шалгалтын явцад илэрсэн байна.

Иймд иргэд өөрийн болон өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангах үүднээс хувийн нууц, эд хөрөнгөтэй холбоотой мэдээлэл, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн нийтийн хуудас, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй байхыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс анхаарууллаа.  Үүний зэрэгцээ гэрийнхээ хаалга цонхны бэхэлгээг сайжруулах, дохиолол, хамгаалалт байршуулах, Сууц өмчлөгчдийн холбоод хариуцсан нутаг дэвсгэрийнхээ оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Э.Сайнзаяа

Эх сурвалж: www.time.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here