Манай улс Өршөөл үзүүлэх тухай хуулийг өнгөрсөн аравдугаар сарын 29- нөөс мөрдөж эхэлсэн. Улмаар төр 2000 гаруй иргэнд өршөөл үзүүлж, хорих ангиас сулласан. Хууль хэрэгжихээс өмнө улсын хэмжээнд 25 хорих ангид 6800 хоригдол хүмүүжиж байжээ. Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахаар хуульд тусгасан байна. Ингэснээр улсад нийт 12 тэрбум 243 сая төгрөгийн хохирол учруулсан 45 албан тушаалтны хэргийг өршөөлд хамруулж байгааг албаны эх сурвалж тодотгож байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийг батласнаар хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болж байгаа аж. Тэгвэл төрийн албанд ажиллаж байсан, олны танил дуулианы эздээс хэн нь Өршөөлийн хуулиар эрх чөлөөтэй болсныг дуулгая.

Ц.БАТБАЯРЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ СУЛЛАЖЭЭ

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаярыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас чөлөөлжээ. Түүнийг Өршөөлийн хууль хэрэгжихээс өмнө сулласан байна. Хөнгөн, хүнд, хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд хуулийн болзол, шалгуурыг хангасан тохиолдолд хугацаанаас нь өмнө суллах буюу магадлангаар сулладаг байна. Тэрбээр ялынхаа 2/3-ыг биеэр эдэлж, хоригдох хугацаандаа хохирлоо барагдуулжээ. Түүнд Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс 2014 онд 2.1 жилийн хорих ял оноосон. Шүүхээс Ц.Батбаярыг Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн буюу 150.3-т зааснаар буруутгасан юм.

Д.БАТХУЯГИЙН ХЭРГИЙГ ӨРШӨӨВ

Авлигын хэргээр ял сонсч, цагдан хоригдсон АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэрэг Өршөөлийн хуульд багтжээ. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг өршөөн хасахаар энэ хуулийн төсөлд тусгасан байна. Иймд Д.Батхуяг уг заалтад хамрагдаж байгаа юм байна. Түүнийг хууль бусаар ашигт малтмалын 106 лиценз олгосон хэрэгт буруутгаж шүүхээс 3.3 жилийн ялаар шийтгэсэн байв.

Г.ДЭНЗЭНГИЙН ЗҮЙЛЧЛЭЛИЙГ ХУУЛИЙН ХОРИГТ ХАМРУУЛААГҮЙ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн “алдарт” Г.Дэнзэн төрийн өршөөлд багтав. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас их хэмжээний мөнгө авч, эхнэрийнхээ дансанд шилжүүлсэн гэх хэрэгт сэжиглэж АТГ-аас энэ оны тавдугаар сард саатуулан шалгаж эхэлсэн. Г.Дэнзэнд Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл, 265.2 болон 150 дугаар зүйл, 150.3 буюу албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт сэжиглэн, цагдан хорьсон. Өршөөлийн хуулийн дээрх хоёр заалтыг хуулийн хоригт хамруулаагүй учир түүнийг өршөөжээ.

ЯЛААС МУЛТАРСАН МИАТ-ИЙНХЭН САЛБАРТАА ЭРГЭН ИРЖЭЭ

МИАТ-ийн экс удирдлагуудыг өршөөжээ. Тэднийг Дайны эрсдэлийн сан нэрээр зохиомол даатгалын компаниуд руу 2007-2009 онд 9.1 тэрбум төгрөг гуйвуулан хуримтлуулж, мөнгө угаасан хэрэгт буруутган шалгаж, 2013 онд шүүхээс гэм буруутайг нь тогтоон 10-13 жилийн хорих ял шийтгэсэн. Гэтэл энэ оны эхээр МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн нар хоёр жил ял эдлээд эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлөх хүсэлтийг энэ оны эхээр шүүхэд гаргаснаар тэд эрх чөлөөтэй болсон. Түүнчлэн Ч.Хоролсүрэнг улсад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан гэж үздэг .Тэгвэл Ч.Хоролсүрэн, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, Ч.Суурьтогтох нарыг Өршөөлийн хуульд хамруулж ялаас бүрэн чөлөөлжээ. Ялаас мултарсан зарим хүмүүс салбарын сайдынхаа итгэлт хүнээр эргэн ирсэн гэх мэдээлэл ч байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 166.3 бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 150.3-т заасан зүйл ангиар буруутгаж шүүхээс ялласан юм.

Ц.МӨНХБАЯРЫН НЭР ТӨРИЙГ СЭРГЭЭВ

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан галт зэвсэгтэй жагсаал цуглаан зохион байгуулсан гэх “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг төр өршөөлдөө багтааж, ялаас чөлөөлсөн. Тэднийг Төрийн ордны хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтрэн орж гал нээсэн гэж буруутган шүүхээс долоон жилийн хорих ялаар шийтгэж, цагдан хорьсон юм. Тэд хорих ангид 1.5 жил хүмүүжээд эрх чөлөөтэй боллоо. Харин С.Дашцэрэн хоригдож байхдаа бие нь муудаж, амь насаа алдсан билээ. Олноо газар шорооны төлөө тэмцэгч хэмээн алдаршсан Ц.Мөнхбаярыг ялаас чөлөөлөөд зогсохгүй нэр төрийг нь сэргээх шүүх хурал саяхан болж, түүний талд шүүхийн шийдвэр гарсан байна. Өөрөөр хэлбэл, Ц.Мөнхбаяр нарыг алтны компанийн удирдлагуудыг айлган сүрдүүлж мөнгө авсан гэж гомдол гаргасан байжээ. Тэгвэл гомдол гаргагч тал Ц.Мөнхбаяраас уучлалт гуйж, нөхөн төлбөр олгохоор тохиролцжээ.

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ ЗӨРЧИГСДИЙГ ӨРШӨӨЖЭЭ

Хичээлээ тараад харьж явсан охины дээрээс бетон зуурмаг шахагч машин унаж амь насыг нь хохироосон хэрэг 2012 оны есдүгээр сард гарсан. Шүүхээс шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарт 1.6-2 жилийн хорих ял оноож, бусад этгээдийг мөнгөн торгуулиар шийтгэх шийдвэр гаргасан нь олны бухимдлыг төрүүлсэн. Хэргийн дараа манай улс хүүхдийн амьд явах эрхийг хамгаалах, дурсах өдөртэй ч болсон юм. Түүний эцэг эх “Есүгэн” сан байгуулан ажиллаж байгаа. Хэргийн улмаас бетон зуурагч машины жолооч, зуурагч, Хот байгуулалтын хүрээлэнгийн захирал, “Төгс гүрэн” компанийн захирлыг шүүхээс буруутгаж ял оноосон. Тэднийг буруутгасан Эрүүгийн хуулийн 94.1 буюу Бусдыг санамсар болгоомжгүй амь насыг нь хохироох, 183.1 буюу аюулгүй ажиллагааны журам зөрчих гэсэн заалт нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа учраас тэд ял шийтгэлээс чөлөөлөгдөж байгаа аж. Мөн “Тэнгис” кино театрын өмнөх талбайн ойролцоо явж байсан оюутан залуугийн дээрээс төмөр унаж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Хэргийн буруутнуудыг мөн өршөөжээ. Хэрэг 2012 онд гарч шүүх хэргийг 2014 онд Эрүүгийн хуулийн 183.1-д зааснаар Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр буруутгаж ялласан юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Эх сурвалж: www.info.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here