Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн мэдээллийг сонсох асуудал хэдэнтээ хойшлосоор өчигдөр Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэв.

Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн гээд байгаагаас 690 тэрбум төгрөг нь ханшийн алдагдал юм байна. Үнэхээр л үүгээр буруутгах гээд байгаа бол Ардчилсан нам ч , Ардын нам ч ялгаагүй адилхан буруутай. Нэгэндээ нялзайгаад цэвэрхэн үлдэх аргагүй. Сү.Батболдын Засгийн газрын үед 570 сая ам. долларын евробондыг босгоход ам.долларын ханш 1340 төгрөг байсан юм. Харин өнөөдөр 2487 төгрөгийг ханштай байна. Харьцуулж хэлбэл, бараг 50 орчим хувиар өсчээ. Энэ евробондыг 2017 оны 3-р сард төлөх юм.


МАН сонгуулиар ялалт байгуулж шинэ засгаа бүрдүүлэнгүүтээ эдийн засгаа өөд татах гэхээсээ илүү сөрөг хүчнээ намнаж, хоосорсон төсөв, уруудсан эдийн засаг, өрийн туламд баригдсан гэдгийг олон түмэнд ойлгуулах гэж хүч хаяж, анхаарал хандуулсан хэрэг. Ямарсайндаа л Сангийн сайд Б.Чойжилсүрэн хамаг байдгаа дэлгээд л, эдийн засаг сүйрлээ гэж тунхагласан нь харин ч байдлыг улам дордуулсан. Хов хоовсорсон, уналтанд оруулсныг сэхээсэн гэж олон түмнээс үнэлгээ авах гэсэн явуургүй улстөр нь байдлыг улам дордуулж орхих нь тэр. Энэ байдлыг дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон байгуулагууд шууран мэдээлж, олон улсын байгууллагуудын үнэлгээ таамагууд хөвөрч, манай улсын зээлжих зэрэглэл улам буурч B- ээс САА1 боллоо. Одоо нэг үсрэхэд дампуурлаа зарлахад дөхөв. Үүний гайгаар нөгөө 2000 орчимтой байсан ам.долларын ханш 30 гаруй хувиар огцом өсч 2487 төгрөг болсон учраас евробондын төлбөрт төлөх мөнгө ч тэр хэрээрээ нэмэгдэж байгаа юм. Үүнийг л ханшийн зөрүүний алдагдал гэж хэлнэ. Өрөөлийг балбах гээд өөрсдийгөө хорлосны балаг гээч л энэ. Тэгээд ч энэ онд төлөх бондыг МАН-ынхан өөрсдөө засаг барьж байхдаа л босгосон шүү дээ.

Мөн 1. 5 тэрбум ам.долларын Чингис бондыг босгох үед ам.долларын ханш 1700 орчим төгрөг байсан бол АН-ын засаг буюу Ч.Сайханбилэгийг ажлаа хүлээлгэж өгөх үед ам.доллар 1990 орчим төгрөг байлаа. Үүнээс харахад ханшийн алдагдлын хариуцлагыг МАН, АН адилхан үүрэхээр байгаа юм. Харин хэнийнх үед ам.доллар “галзуурав” гэдгийг харицуулж тооцвол ханшийн эрсдлийн 30 хувийг нь Ардчилсан нам, 70 хувийг Ардын нам хүлээх юм биш үү.

МАН-ын засгийн үед босгосон евробондыг гурван сар хүрэхгүйн хугацааны дараагаас төлөх гэж байна. Тэр болтол ам.долларын ханшийг бууруулж чадахгүй бол тэр хэмжээгээр ханшийн алдагдал хүлээж таарах нь.

Харин Чингис бондыг 2018 онд төлж эхлэх болохоор хугацаа бас байна. Энэ хугацаанд эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлж, долларын урсгалыг Монголруу чиглүүлж чадвал байдал эерэгээр эргэж ноён долларын “ааш” зөөлөрч, монгол төгрөг чангарч мэдэх л юм.

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байгаагаас харахад бие биенээ л буруутгах гэсэн, шүүх гэсэн өнгө аястай байв.

Ажлын хэсгийн гишүүний тайлбарласнаар Хөгжлийн банкнаас гарсан 1.3 их наядын зөрчилд “Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс 694 тэрбум төгрөгийн, Монголбанкнаас шаардсаар байхад биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэж үзсэн нь зөрчилд орж байгаа байгаа аж.  Мөн “Шинэ төмөр зам” төслийн хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан нь зөрчилд хамаарч байгаа аж. Энэ хоёр нам хоёулаа адилхан бонд босгосон, ойролцоодуу зүйлд зарцуулсан байх жишээтэй. Муу муухай нэгэндээ нялзааж, яллах гээд байгаа болохоос биш хийж бүтээснийг хамтарсан хуралдаан онцолсонгүй. Бүх бондыг хэдхэн хүн идээд уучихсан юм шиг ойлголтыг олон нийтэд төрүүлж байгаа нь бас улстөржүүлэх нэг сэдэл гэлтэй.

Бондын хөрөнгийг юунд зарцуулсан гэхээр, импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн гаргах 130 аж ахуйн нэгж,  хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 210, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 710 аж ахуйн нэгж зээл авчээ. Олон жил тавьж чадаагүй 2450 км замыг хоёр, гуравхан жилийн хугацаанд тавьсан, “Гудамж” төслөөр 116 км зам барьсан, 70 мянган өрх орон сууцтай болсон байна шүү дээ уг нь.

Х.Тэргэл

Эх сурвалж: www.times.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here