Поп хатагтайн фэнүүдэд дуулгах таатай мэдээ байна. Ганган гацуураа засч, гял цал даашинзаа зэхээд хамгийн тансаг үдэш хэзээ, хаана тохиох вэ гэж эрэл сурал болж байгаа бол МУГЖ Б.Сарантуяагийн “Мөнгөн шөнө” live concert мөдхөн болох гэж байна. Хамгийн гол нь ердөө 100-хан хүнд, их хотын номер нэг ресторанд үнэнч фэнүүдээ хүлээн авч, үе үеийн хит дуунуудаа чанх дэргэд нь дуулах гэнэ.

Шинэ жилийн дууны “Хатан хаан”-аар өргөмжлөгдөж, бүр титэм хүртэл зүүгээд амжсан поп хатагтай гурав дахь жилдээ фэнүүдийнхээ хамт “Мөнгө шөнө”-ийг үдэж, мөрөөдлийг нь биелүүлэхээр зэхэж байгаа аж. Ялангуяа 30 жилийн ойн тоглолт нь ганцхан өдөр тохиож, билет нь ёстой л картын барааны үеийг санагдуулам оочер үүсгэснийг хэлэх үү, хаалганы гадна үлдсэн үзэгчдийнх нь гомдол энэ удаа гарцаагүй тайлагдах бололтой.  Шинэ жилийн баярыг найз нөхөд, фракцаараа тэмдэглэдэг ноёд, хатагтай нарын хувьд энэ тоглолт тун аятайхан боломж юм. Амт чанартай оройн зоог, дотор халууцуулах халуун вино, оргилуун дарс гээд баярын ширээнд байж болох бүхнийг  “Мөнгөн шөнө” live concert бүрдүүлэх аж. Нэмж дурдахад тасалбарын үнэ 240 мянган төгрөг бөгөөд өмнөх жилүүдийн үзэгчид нь ч хэдийнэ хүлээлттэй болж, хэдэн сарын өмнөөс хувцас гоёлоо бэлдээд тун ач холбогдол өгч байгаа юм билээ.

За тэгээд бодол шулуудаж, болзоо товлохоор шийдсэн бол 2016 оны 12 дугаар сарын 18-ны 17.00 цагт Central Tower-ын “Monet” ресторанд поп хатагтай бөөн бөөн гэнэтийн бэлэгтэйгээр таныг угтах нь. Таатай мэдрэмж гэвэл үүнийг л хэлнэ байх.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here