Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн хэсэг залуучууд үл мэдэгдэх шингэнд хордсон. Уг асуудлаар тус аймагт ажиллаж буй Ажлын хэсэг хэвлэлийн бага хурал зарлаж, тодорхой мэдээлэл өглөө.

Үл мэдэгдэх шингэнд хүмүүс хордсон тухай мэдээлэл 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын онцгой комисст ирсэн байна. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн захирамжаар Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү нар Дорнод аймагт ажиллаж байна. Уг Ажлын хэсэгт мөн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирал Д.Должин нар багтжээ.

Ажлын хэсэг газар дээр нь очиж хориг арга хэмжээ авах, хордлогын шалтгааныг судалж тогтоох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эмнэлгийн тусламж үзүүлэх зэргээр цаг алдалгүй шуурхай ажилласнаар байдлыг хяналтанд авч тогтворжуулсан байна.

Хэргийн талаар тодруулбал, үл мэдэгдэх шингэнд 26-43 насны 21 хүн хордож, гурав нь эмнэлэг хүргэх замд, нэг нь эмчлүүлж байхдаа нас баржээ. Одоо аймгийн Нэгдсэн эмнэлэгт 12 хүн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний амь насыг аврах тусламж үйлчилгээг Улаанбаатар хотоос очсон нарийн мэргэжлийн эмч нарын баг үзүүлж байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, тагнуул, цагдаа, эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбайд үзлэг шалгалт хийж, тодорхой хэмжээний үл мэдэгдэх шингэн зүйлийг хураан авсан байна. Уг шингэнийг юу болохыг тодорхойлуулахаар өнөөдөр өглөө 07.00 цагт Улаанбаатар руу Шүүх эмнэлэг, МХЕГ-ын Төв лабораторид дээж илгээжээ.

МХЕГ-аас тодорхой удирдамжийн дагуу 2016 оны 10 дугаар сард “Петрочайна Дачин Тамсаг”, туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын үеэр “Зөв боломж” компани Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, ажиллагсдын нийгмийн баталгаа, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг зөрчсөн нь тогтоогдсон тул үйл ажиллагааг нь 10 дугаар сарын 9-ний өдөр түр зогсоож, зөрчил арилгах албан шаардлага, үүрэг даалгавар өгчээ. Гэтэл “Зөв боломж” ХХК дур мэдэн үйл ажиллагаа явуулж байж.

Энэ талаар МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү “Өнгөрөгч 10 дугаар сарын 9-нд МХЕГ-аас энэ хоёр компанид хяналт шалгалт хийсэн.  Тухайн үед химийн бодис хадгалдаг агуулах савгүй, ашигласан химийн бодисоо стандартын дагуу устгах боломж бүрдээгүй байсан. Иймээс тус компанид 12 дугаар сар хүртэл зөрчлөө арилгах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнээс гадна “Зөв боломж” компанийн газрын тосны 19, 21 дүгээр талбай дахь ажилчдын амьдрах нөхцөл, хоол хүнсний, гал тогоо нь стандарт хангаагүй тул улсын байцаагчийн зүгээс үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан. Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүйгээс өнөөдрийн ийм нөхцөл үүслээ. Тиймээс Улсын ерөнхий байцаагчийн хувьд өнөөдрөөс эхлэн тус компанийн үйл ажиллагааг таслан зогсоох шийдвэрийг гаргаж байна” гэж мэдэгдлээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here