УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн

хуралдаанаар Ноён уулыг хамгаалалтад авах буюу Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Ноён уулын орчмын нийт 11 мянган га талбайг тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг тусгасан байна.

 

Гацууртын ордыг ашиглахтай холбоотой хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн учраас Ноён уулыг хамгаалах асуудал давхар яригдаж байгаа нь энэ аж.

 

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд Гацууртын ордыг ашигласан нөхцөлд Ноён ууланд орших Хүннүгийн үеийн булш бунхан сүйтгэгдэхгүй байх боломжтой юу. Археологийн хүрээлэнгээс тусгай судалгаа хийсэн эсэхийг тодруулахад холбогдох албаныхан “Гацууртын ордыг ашиглах талбайд булш бунхан байхгүй” хэмээх тайлбар өгсөн.

 

Үүнээс гадна хуралдаанаар нэг хөндөгдсөн асуудал нь Гацууртын ордод “нинжа” нар  хууль бусаар ашигт малтмал олборлож байхад төр зохицуулж хийж чадалгүй өнөөдрийг хүрсэн гэх шүүмжлэл байв. Энэ асуудалд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг “Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын өгсөн мэдээллээр  хүн хүч, хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгааг ярьсан. Асуудлыг зохицуулахын тулд хууль эрх зүйн хүрээнд Ноён уулыг хамгаалалтад авахаар Засгийн газар оруулж ирж байна” гэлээ.

 

Ингээд гишүүд асуулт тодруулга авч дууссаны дараа уг тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалгахад хуралдаанд оролцогчдын олонх нь дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here