“Алтан гадас” АН-д хүчирхэг байв. Гэвч энэ түүнийг Ерөнхий сайдын албанаас “хөөгдөх” хүртэлх үйл явц. Үүний дараахнаас Н.Алтанхуягийн “Алтан гадас” фракц хоёр хуваагдаж, гишүүд эргийн хоёр талд гарцгаасан гэх. Энэ тухай Н.Алтанхуяг өчигдөр “хар хайрцаг” нэвтрүүлгээр олон нийтэд ил болголоо. Тэр “ Ч.Сайханбилэгийг надаас болон Монголын ард түмнээс урвасан хүн” хэмээлээ. Мөн тэрбээр “”Хууль хяналтын байгууллага байтугай УИХ-ын гишүүд нь тушаал биелүүлдэг болсон” гээд “Шаардлагатай бол намайг шалга” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Түүнийг ямар шалтгаанаар хорьсон нь одоог хүртэл тодорхойгүй байгаа бол төрсөн дүү Н.Наранцэцэгийг мөн л АТГ-аас баривчлан цагдан хорих 461 ангид саатуулсан билээ. Түүнчлэн Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийг энэ сарын 5-нд хилээр гарах эрхийг нь хориглоод байгаа билээ.

Мөн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан хүргэн Г.Дэнзэн нь хэдэн тэрбумын асуудалд орооцолдож, хууль шүүхийн хаалга татсан. Үүгээр ч дуусаагүй АТГ-ынхан тухайн үед Н.Алтанхуягийн охин, хүргэн төдийгүй “Алтангадас” фракцийнх нь Ж.Батсуурийг /”Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан/ цагдан хорьж байсан билээ. Харин өдгөө төрийн тусгай хамгаалалттай жирийн иргэн болсон Н.Алтанхуягийнхныг мөрдөж шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Харин тэр энэ үед “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” хэмээн мэдэгдэв. Харин дүүгээ шалгуулж эхэлсний дараа өдөр Н.Алтанхуяг өнөөдөр цахим хуудаснаа “Тэмцдэггүй ард түмэн мөхдөг. Урсдаггүй гол ширгэдэг. Монголыг маань сорчлон мөлжиж байгаа нам дамнасан бүлэглэлтэй эцсээ хүртэл тэмцэнэ” гэж бичжээ. Харин түүнд хүч дутаж байна. Тэр ганцаардаж байна.

Энэ нэгэн түүхийг сануулъя. 2000-аад оны үед Н.Энхбаяр улс төрд хаанчилж явсан үе. Тухайн үед “Урт шар дээлтээс болгоомжил” хэмээж байв. Харин одоо Н.Энхбаяр хуулийн байгууллагаас “Удаа дараа дуудаад байхад ирэхгүй бол…” гэсэн сануулгатай. Намтартаа “Ялтай” гэсэн үгтэй болчхоод байна. Түүний дэргэд хэн ч алга. Гэхдээ Н.Энхбаяр хэзээ ч ухарч, амбицаа дарж, шуналаа татаж байсангүй. Энэ бүхний эцэст МАХН 2016 оны сонгуулиар парламент ганцхан суудалтай болсон. Түүний хүсэл, шунал биеллээ олсонгүй.

Харин Н.Алтанхуяг Н.Энхбаяр шиг байдалд байна. Н.Энхбаярын 2011 оных шиг.

2012 он. Сонгуулийн дараа АН-ынхан, тэр дундаа “Алтангадас”-ын лидер Н.Алтанхуяг сонгуулиас өмнө өөрийнх нь эсрэг хөдөлж, бүр “Алтангадас”, “Нэг ардчилал”-аас бусад бараг бүх фракцийг нэгтгэн Ардчилсан хүчний холбоо байгуулж, “Шонхор”-уудыг нисгэж эхэлсэн З.Энхболд, Х.Баттулга нарын амбицийг эрх мэдлийн “бялуу”-аар намжааж сонгуульд оролцсон билээ. Дараа нь албан тушаалын “бялуу”-гаа амжилттай хуваасан. Тэр үед Н.Алтанхуяг хийгээд “Алтангадас” фракц хүчирхэг байв.

Харин одоо түүний хэлснээр түүнээс тэд урвасан. Одоо Н.Алтанхуяг “ганцаараа” байна.

П.АНИР
Эх сурвалж: Оллоо.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here