УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуульд заасны дагуу УИХ-ын Төсвийн, Хууль зүйн, Эдийн засгийн байнгын хороо болон Монголбанкнаас Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилж, чөлөөлүүлэхээр нэр дэвшүүлжээ. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр тус банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдавааг томилуулахаар нэр дэвшүүлж, энэ тухай саналаа холбогдох Байнгын хороонд хүргүүлснээ танилцуулав.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Х. Бум-Эрдэнийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан тус хорооны орон тооны гишүүнээр О.Батбилэгийг томилуулахаар Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн бол тус хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байгаа Л.Энхтайваныг улираан  томилохоор Төсвийн байнгын хорооноос нэрийг нь дэвшүүлж дэмжсэн байна. Харин Эдийн засгийн байнгын хорооноос Б.Батхишигийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлж дэмжжээ. Мөн тус Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд нэр дэвшигч О.Батбилэгийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны, нэр дэвшигч Б.Баярдаваа, Л.Энхтайван нарыг тус хорооны орон тооны бус гишүүнээр томилуулах, Х.Бум-Эрдэнийг тус хорооны орон тооны, Д.Ганболд, Д.Ганбат нарыг орон тооны бус гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэн байна. Санал хураалтаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигч О.Батбилэг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувийн, орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Б.Баярдаваа 86.5, Б.Батхишиг 84.6 хувийн саналаар дэмжигдэв. Мөн нэр дэвшигч Л.Энхтайваныг тус хорооны орон тооны бус гишүүнээр улираан томилохыг гишүүдийн 88.5 хувь нь дэмжив.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Г.Бум-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны, Д.Ганболд, Д.Ганбат нарыг тус хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхөөр боллоо.

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ургац хураалтын мэдээ, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангахад Засгийн газраас авах арга хэмжээний мэдээллийг танилцууллаа.  Тэрээр мэдээллийнхээ эхэнд оны эхний 10 сарын байдлаар хөдөө аж ахуйн салбарт 2,4 их наяд төгрөгийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь  2010 онтой харьцуулахад 2.8 хувиар өссөн гэдгийг онцоллоо.  Мөн Засгийн газраас баримтлах хөгжлийн бодлогод эдийн засгийг төрөлжүүлэх, үүний дотор хөдөө аж ахуйн салбарын бүтээмж болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэхийг тууштай хэрэгжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийтдээ 475.8 мянган тонн үр тарианаас 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган тонн тосны ургамал, 50.6 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 14.0 цн улаанбуудай, 105.0 цн төмс, 112.1 цн хүнсний ногоо, 17.3 цн тэжээлийн ургамал, 3.1 цн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр 31.3 мянган га талбайн ургац ганд нэрвэгдэж, болц дутуу байснаас 1.0 мянган га талбай тэжээлд шилжсэнээр нийтдээ 32.3 мянган га талбайн ургац алдсан байна.

Өөрөөр хэлбэл, газар тариаланчид сүүлийн 25 жилд гурван удаа 460 мянган тонн буудай хураан аваад байгаа аж.

Улсын хэмжээнд 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4 сая толгой малыг өвөлжинө. Нийт нутгийн 80 хувь нь бэлчээрийн хүрэлцээтэй, 20.0 хувь нь оторлох юм байна. Энэ үеэр зарим гишүүд энэ жилийн онцгой хүйтнийг давахад Засгийн газар хангалтгүй ажиллаж байгааг хэлж байв. Ерөнхий сайд “ХХААХҮ-ийн сайд ОХУ-д махны экпортын бэлтгэл хангах чиглэлээр хөрш оронтой хамтран ажиллах талаар яриа хэлэлцээр хийж байгаа. Мөн БНХАУ-тай хоёр боомтоор мах гаргах асуудлаар харилцан тохиролцсон. Түүнчлэн малчид, тариаланчдыг зээлээр санхүүгийн асуудлаа зохицуулдаг байдлыг өөрчилж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдийнх нь зах зээлийн өртгийг нэмэгдүүлэх, улмаар орлогыг нь өсгөж, амьжиргааг нь тэтгэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн нь үр дүнтэй байгаа. Тариа­лангийн бүс нутаг дахь малчид, тариаланчдын зөрчилдөөнийг шийдвэрлэх гарц нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх” гэдгийг хэллээ.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here