УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Орон нутагт ажиллах үеэр санхүүжилт дутуу эсвэл санхүүжилт хаасан асуудал их байна. Сангийн яамныхан орон нутгийн байгууллагуудыг хэдэн хувьтай санхүүжүүлж байна вэ. Урсгал зардлыг хэдэн хувьтай санхүүжүүлж байна” гэхэд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт “Улсын төсвийн зарлагыг 530 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголын оруулж ирсэн. Санхүүжилтын хувьд төсөвт байгууллагуудын зардлыг хатуу горимоор санхүүжүүлж байна. Цалин тэтгэвэр, хоол, эм, эрүүл мэнд, боловсрол, цагдаа хүчний байгууллагын бензин шатахуун гэх зэрэг зардлыг саадгүй олгож байгаа. Нийт төсөвт байгууллагын дулаан цахилгааны зардлыг мөн цаг алдалгүй тавьж байна. Бусад зардал дээр хяналт тавьж байгаа. Тавилга, эд хогшил, томилолт, бараа материал худалдан авах гэх мэт зардлыг ерөнхийд нь хязгаарласан” гэлээ.

 

Түүнчлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт “Цалинг 30 хувь бууруулах саналд агентлагийн дэд дарга, дарга, Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтай албан хаагчдыг хамруулна. Үүнээс доош тушаалын ажиллагсадын цалинг 30 хувиар бууруулахгүй. Үүнд 2900 орчим хүн хамрагдаж, 1.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна” хэмээсэн юм. Харин Хууль зүйн байнгын хорооны гишүүд төрийн албан хаагчдын цалинг бууруулах асуудлаар Засгийн газраас тодруулга авсны үндсэн дээр асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here