Монголын үүрэн хол­бооны анхдагч оператор “Мобиком”-ын нэр хүнд өдөр ирэх тусам унасаар л байна. Монголд гар утас гээчийг анх оруулж ирсэн гавьяатай ч шуналын хар гайгаар үйл ажиллагаа нь доголдоод эхэлчихсэн. Үүнийг мэдэрсэн “Моби”-гийн хуучин дарга, захирлууд нь өөр компани руу тэмүүлэх болсон билээ.

Одоогийн байдлаар “Мобиком” корпораци Мон­гол Улсын гурван хот, 21 аймаг, томоохон сум, сууринг хамарсан 349 газарт цэгтэй. Өөрөөр хэлбэл, Mонгол Улсын xүн aмын 90 хувьд хүрcэн үүрэн телефон хол­бооны сүлжээгээрээ нэг сая гаруй хэрэглэгчийг шулдаг.

Харин бид шударга бусаар шулуулж байгаагаа мэдсээр байж улам мөлжүүлсээр байна. Монголчууд бид ч тун их мөлжүүртэй хүмүүс юм. Гэнэн ч юм шиг, тэнэг ч юм шиг энэ байдлыг “Мобиком” ашигласаар 16 дахь жилтэйгээ золголоо. Дахиад ч шулна гээд элдвийн юм л сэтгэж байна. Хосоор нь хожих байр, машин ч гэх шиг.

Гэвч ил цагаан луйвар хийж, сугалааны тохирлыг шууд нэвтрүүлгээсээ өмнө хийчихдэг байсан нь илэрч шившгээ тарьсан. Харин “Мобиком”-ынхон бант­сан­даа сүүлийн сугалааны тохирлыг бодитоор явуулах шиг болно лээ. Яг үнэндээ долоо хоног тутамд жирийн нэг хэрэглэгчид 30 сая төгрөг зарцуулаад байвал дам­пуурчихна биз дээ. Тиймээс камерын өмнө жүжигчилсэн тоглолт хийж, монголчуудыг шулсаар л байна.

9911-тэй дугаар бол эдний хамгийн том дээрэм. Учир нь 9911-тэй дугаартай хэрэглэгч ярьсан ч яриагүй ч суурь хураамж төлнө. Бүх хэрэглэгч суурь хураамж төлөх ёстой. Сүлжээг нь огт ашиглаагүй байхад мөнгө авна гэдэг улайм цайм дээрэм. Саяхан тэд 9511, 9411- тэй дугаар гаргажээ. Тэгээд 9911-тэй хэрэглэгч рүүгээ утастаад, “Та 9511, 9411-тэй дугааруудын аль нэгийг 9911-ийнхээ арын тоо­нуудтай ижилсүүлж авах уу” гэсэн санал тавьж, хэрэв авбал “9911-тэйгээ ижил хөнгөлөлт эдэлнэ” гэх зэр­гээр ятгасан байгаа юм.

Гэтэл 9511, 9411-тэй дугаар авсан зарим хэрэг­лэгчийн ярьж бай­гаагаар дээрх дугаарын төлбөр нь 9911-тэй дугаартайгаа ижил хэмжээнд ярихад төлбөр нь илүү их гарч байна гэцгээж байна. 9911-тэй дугаарын дамын үнэ бараг 30-40 сая хүрэх шахлаа. 9911-тэй дугаар барьцаалж мөнгө зээлнэ ч гэх шиг. Утасны дугаар орон сууцны үнэтэй болж хэмээн хэрэглэгчид нь халаглаж байна.

“Мобиком” компани дайран дээр нь давс нэмж, “9911-тэй дугаар таны нэр төрийн баталгаа” хэмээн сэхээ өгөлгүй рекламдана. Энэ нь худал хуурмаг үнийн хөөрөгдөл байсан гэдэг нь одоо нэгэнт тодорхой болжээ. Яг л нөгөө ченжүүд валютын ханшийг хөөрөгдөж хэдэн юм унагадаг шиг, “Мобиком” өөрөө энэ бүхнийг санаанаасаа зохиож, нэг муу утасны дугаарыг машины үнэтэй болгон хөөрөгдсөн хэрэг. Явуургүй юм явуургүй л байдаг.

Хэдэн жилийн өмнө, “Мобиком”-ын дараа төл­бөрт 9911-тэй нэгэн хэрэг­лэгч томоохон компанийн захирал, “Би утсаараа сар бүр харилцан адилгүй ярь­даг. Заримдаа бага ярьдаг, заримдаа ч их ярьдаг. Гэтэл яаж ч ярьсан миний утасны төлбөр сар бүр адилхан гараад байх юм. Тэгэхээр нь зориуд яахыг нь үзэх гээд нэг сар маш бага яриад, төлбөрөө хийх гээд очтол урьд сарынхаа их ярьсантай яг ижил гарсан байсан. Тэр зааланд утасны төлбөрөө хийх гэсэн таних танихгүй олон хүн байсан. Тэдний дэргэд утасны төлбөрийн төлөө хэрүүл хийгээд байлтай биш. Хэлсэн төлбөрийг нь өгсөн” хэмээн ярьж байсан. Энэ бол ганцхан л жишээ. Энэ мэтээр шулуулж байгаа дараа төлбөрт 9911-тэй, нэрэл­хүү захирлууд Мон­голоор дүүрэн байгаа.

Харин миний хувьд 16 жил “Мобиком”-д үнэнч байсан 9919… дугаартай хэрэг­лэгч. 1000 төгрөгөөр дансаа цэнэглэхэд 60 төг­рөгийн бонус нэмэгддэг юм. Гэтэл бодит байдал дээр энэ нь хүүхэд хуурч байгаа зүйл шүү дээ. Гэхдээ цаг хугацаа өн­гөрөх тусам “Мобиком”-ын шунал арай дэндэж байна.

Бид шулуулж, мөлжүүлж байгаагаа анзаардаг боловч салж чаддаггүй. Гэхдээ одоо салах цаг болсон. Одоо иймэрхүү чихрэнд тиймэрхүү янзаар хууртагдаад байдаг цаг ч өнгөрч. Тэгээд ч “Мобиком”-ын нэр хүнд өдөр ирэх тусам унаж байна. Харин шулаачид нэг л өглөө үүнийг анзаарч, зад хямдрал зар­лах биз. Гэвч тэр өдөр, тэр “PR” нь хэтэрхий оройтсон байна байх. “Бизнесийн эцсийн сонголт бол үнээ бууруулах арга” гэдэг. Үүн шиг “Мобиком” эцсийн аргаа хэрэглэнэ, үнээ буу­руулах сонголт байгаа гэж тэнэгтэж, шуналтаж явсаар байгаад дампуурах вий дээ.

Эднийх өөрсдийгөө 1.3 сая хэрэглэгчтэй гэж өөд нь татдаг. 16 жилийн дотор ийм тооны сим карт зарагдсан байж болох л доо. Гэхдээ эдгээрийн 40-50 хувь нь идэвхгүй буюу “үхмэл” дугаарууд байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Манай гэр бүлд гэхэд л 9982…, 9913…, 9917… гээд гур­ван ч ашиглахгүй дугаар бай­на. Хэрэгцээнээс бүрэн гар­сан гэсэн үг.

Энэ дугаарыг ашиглаж яах юм бэ. Бусад сүлжээнээс илүү үнэтэй ярьж, халаасаа нимгэлж байхаар хямдыг нь сонгосон нь дээр биз дээ. Үүн шиг сүүлийн үед хүн бүр 2-3 дугаартай болсон. Харин “Мобиком”-ын дугаарыг олон жил барьсан хэрэглэгч нь гад­наас дуудлага хүлээж авахын тулд л ашиглаж байна.

Учир нь найз нөхөд нь тэр хүний 99-тэй дугаарыг нь мэддэг болохоор бүр унтраагаад хаячихаж арай болдоггүй. “Мобиком”-ын дугаараас бусад сүлжээ рүү залгаж 100 минут ярилаа гэхэд 10 мянган төгрөг төлж байна. Харин бусад операторуудаас ярихад дунд­жаар таван мянган төгрөг төлнө. Бараг 50 хувийн хөнгөлөлт эдэлж байна гэсэн үг. Тэгэхээр “Мобиком”-ын хязгааргүй шуналын балгаар үнэнч хэрэглэгчид яаж хохирдог нь ойлгомжтой.

Бизнесийн хамгийн бохир арга бол паразитлах. “Мобиком” яг л энэ аргаар 16 жил Монголд ноёрхлоо. Одоо үүнийг халах цаг болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here