УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуулийг баталсан. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

 

-Өршөөлийн хуулийн гол заалтууд нь юу вэ. Хуулийн төслийг УИХ хаалттай хэлэлцсэн учраас энэ талаарх мэдээлэл хомс байна л даа?

 

-Өршөөлийн хууль ямар учраас өргөн баригдаж, батлагдав гэдгийг ард түмэн зөвөөр ойлгох хэрэгтэй. Өршөөлийн хуулийн төслийг 2012 онд МАХН-ын дарга Н.Энхбаяр хоригдож байхад манай намаас өргөн барих санал тавьсан ч тухайн үед улстөржилт явагдаж, шоронд хоригдож байгаа даргыгаа гаргах гэж байна гэж асуудалд хандсан. Тиймээс үүнийг тодорхой хугацаагаар хойшлуулсан юм. Н.Энхбаяр дарга шоронгоос гарсан учраас улстөржилт зогссон гэж үзээд 25 гишүүн дахин өргөн барьсан. Шинээр гарах Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар тодорхой асуудлыг бүрэн шийдчих учраас Өршөөлийн хуулийг яаран батлах шаардлагагүй гээд гурван жил орчим хугацаанд гацсан. Тиймээс Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хурдан баталъя гэх чиглэл рүү явсан. Гэтэл энэ хоёр хууль онол аргазүй болон тодорхой зүйл заалтын хувьд нэн даруй батлах бололцоогүй байна гэдгийг УИХ дахь мэргэжлийн хуульч гишүүд дүгнэсэн. Үүнийг батлаад явбал Хууль зүйн байнгын хорооноос гарна гэх мэдэгдэл ч хийсэн. Хуульч гишүүдийн гаргасан мэдэгдэл зөв юм байна, яаран баталбал цаашид засах шаардлага гарна гэсэн дүгнэлтэд УИХ хүрсэн учир намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. Тиймээс ард түмний дунд хүлээлт үүсгээд байгаа Өршөөлийн хуулийг батлахаар болсон. Энэ хуулийг зуны дэлгэр цагт батлах ёстой байдаг. Бусдыг чөлөөлөх, хорихоос гаргах, орон гэрт нь хүргэж өгөх асуудлыг өвөл хийхэд хүнд. Ирэх жил сонгууль болно. Тиймээс сонгуулийн өмнөх зунд багтаж батлах ёстой байсан.

 

-Ямар хэргүүд өршөөлд хамрагдаж байна вэ?

 

-Өршөөлийн хуулийн талаар Засгийн газар болон ажлын хэсгээс оруулж ирсэн саналыг харж байхад шинэ Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн концепцтэй нийцүүлэн хийж байгаа. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн эрхийн ухамсрын төлөвшлийг шинэ Эрүүгийн хуульд зохицуулах ёстой гэж үзсэн. Хуучин Эрүүгийн хуульд аливаа хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж явдаг. Энэ удаа бид тодорхой зүйлчлэлээр нь өршөөлд хамруулаад явахаар болсон. Хүчин, хар тамхи, хүн худалдаалах, хүнийг санаатай амь насыг нь бүрэлгэх, цаазаар авах ял авсан, эх орноосоо урвасан, тагнуул хийх зэрэг хэрэг үйлдэж ял эдэлж буй хүмүүсээс нэг ч хоног хасахгүй.

 

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд зургаан удаа Өршөөлийн хууль гарахдаа нэг ч удаа залилангийн хэргийг өршөөлд хамруулж байгаагүй. Гэтэл өнөөдөр эмэгтэйчүүдийн хориход байгаа хоригдлуудын ихэнх нь хүн амь, хулгай, залилангийн хэрэг үйлдсэн байдаг. Тэдний дийлэнх нь ээжүүд. Долоо, арван сая төгрөг залилан хийсэн хүнд ч тэнд байна.Хохирлоо төлчихвөл хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой гэж шинэ Эрүүгийн хуульд оруулж байгаа учраас бид залилангийн хэргийг бүхэлд нь Өршөөлийн хуульд хамруулсан байгаа.

 

-Өршөөлийн хуулийг хоёр намын тохироогоор оруулж ирсэн гээд байгаа. Энэ удаагийн хууль МАН-ын засгийг гаргаад АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хоёр хамтрах тохиролцоо хийсний үндсэн дээр уг хууль батлагдлаа гэх мэдээлэл байна?

 

-Манай ажлын хэсэгт МАН, АН-ын төлөөлөл байгаа. Тэд байнгын хороо, нэгдсэн чуулганы хуралдаанд ч суусан. Ажлын хэсэгт 1-2 гишүүн өөрийн саналаараа орохгүй байгаа нь чухал биш.

 

-Өршөөлийн хуульд ял эдэлж байгаа хэчнээн хүн хамрагдах вэ.Эмэгтэйчүүдийн хорихоос нэлээдгүй хүн гарах нь?

 

-Нарийвчилсан тоог өгч чадахгүй. Гэхдээ ойролцоогоор 1500 орчим хүн суллагдах байх гэсэн тооцоо бий. Шоронд 6000 гаруй хоригдол байдаг. Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаярын хэрэг 100 хувь хамаарч байгаа. Түүнийг 177.1-ээр ялласан юм билээ. Энэ зүйл ангиар ял авсан хоёрхон хүн байдаг. Уг заалт нь зандалчлах гэсэн зүйл юм. Эмэгтэйчүүдийн хорихоос нэлээд олон хүн суллагдана.

 

-Н.Энхбаяр даргын тухайд?

 

-МАХН тэр дундаа “Шударга ёс” эвслээс нэг ч хүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж хууль гаргалаа гэсэн яриа нийгэмд бий. Шүүх, прокурор, АТГ дээр УИХ-ын 76 гишүүний нэгд нь ч эрүүгийн хэрэг үүсгэсэн хавтаст хэрэг байхгүй. Мөн Улсын ерөнхий прокуророос нэг ч гишүүний эрхийг түдгэлзүүлээч гэсэн санал оруулж ирээгүй. Н.Энхбаяр дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар гарсан. Тиймээс улстөржилт байхгүй гэж үзэн Өршөөлийн хуулийг явуулсан. “Шударга ёс” эвсэл өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн заалт хуульд шингээгээгүй.

 

-АТГ-т шалгагдаж байгаа хэргүүд өршөөлд хамрагдаж байгаа. Энэ нь төрийн мөнгө шамшигдуулсан албан тушаалтнуудад зориулсан хууль боллоо гэх шүүмжлэл дагуулж байна л даа?

 

-Хаалттай хурал учраас би нээлттэй мэдээлэл өгөх боломжгүй. Тиймээс хүний нэрийг хэлэх арга алга. Нэр бүхий гишүүн эдгээр хэргийг өршөөлд хамруулахгүй байя гэсэн санал гаргасан ч буцаагаад татчихсан. Тэгэхээр санал гаргаагүй саналаар санал хураах боломжгүй. Мөн нэр бүхий гишүүд санал гаргасан. Саналыг олонхиороо шийдээд дэмжигдээгүй. Хаалттай хэлэлцсэн учраас хэн санал гаргасан, хэн дэмжээгүй гэдгийг олон нийтэд мэдээлэх боломжгүй. Ямартай ч авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа хүмүүс өршөөлд хамрагдана.

 

-АТГ-аас Н.Энхбаяр даргад шинээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Энэ хэрэгсэхгүй болж байна гэсэн үг үг үү?

 

-Монгол Улсын иргэний хувьд хууль тэгш үйлчлэх учраас хэргийн хамрах зүйлчлэл байгаа бол хамрагдаад явна. Хамрах зүйлчлэлд багтаагүй бол хамрагдахгүй шүү дээ.

 

-Өршөөлийн хуулийг байнгын хороо, чуулганаар хаалттай хэлэлцсэн учраас олон нийтэд мэдээлэл муу байгаа. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн цөөнгүй хүн хуульд хамрагдаж байгаа гэсэн. Тухайлбал, ямар зүйл заалтаар ял эдэлж буй хүмүүс хамрагдахаар байна вэ?

 

Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн 112 хоригдлын ял шийтгэл өршөөлийн хуульд хамрагдсан. Бусдаас нь нэг ч хоног хасагдахгүй. Мөн хөнгөн, хүнд, хүндэвтэр хэрэгтэй тодорхой заалтуудаас хоёр жил хасагдана. Хүчин, хүний амь хөнөөсөн хэрэг өршөөлд хамрагдахгүй. Өөрөөр хэлбэл, 9.1.7 гэх заалттай ямар ч хэрэг нэг сар, өдрөөр хасагдахгүй. Энэ зүйлчлэлд хүндэвтэр, хүнд, онц хүнд хэрэг ч байж магадгүй. Мөн 5.1-д байгаа зүйлчлэлд хамрагдах хэргүүд хоёр жилээр хасагдана.

 

-Өршөөлд хамрагдах хоригдлууд хохирлоо бүрэн барагдуулсан байх ёстой гэсэн байна. Хохирлоо тэр бүр барагдуулж чадах хоригдол байхгүй. Барагдуулах боломжтой улс төрийн гэмт хэрэгтнүүд хамрагдаад суллагдах юм биш үү?

 

-Хохирол гэдгийг юу гэж ойлгохоос хамаарна. Хэнийг хохироосон вэ, хохирогч нь хохиролгүй гэж хэлэхэд боломж байж л байгаа. Өөрөөр хэлбэл, 11 сая төгрөгийн хохирол учруулсныхаа 5 саяыг нь төлсөн, үлдсэнийг нь хохирогч авахгүй, хохирлоо бүрэн төлсөн гэж үзэж болно гэвэл түүнийг хуульд хамруулж болно.

 

АТГ-т албан тушаалаа хашиж байгаа төрийн өндөр албан дээд тушаалын хэрэг бараг байдаггүй юм билээ. Тодорхой хэрэг байсан ч ажлаа өгсний дараа шалгагдаж байгаа хэргүүд байдаг. Улсад учруулсан хохирлоо төлж байж тэд өршөөгдөнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here