Шангри Ла зочид буудлын хурлын танхимд хоёр дахь өдрөө үргэлжилсэн “Invest Mongolia-2016” чуулга уулзалтын үдээс өмнөх хуралдааны онцлох сэдэв нь “Өсөлтийн стратеги, Дэд бүтэц, Ногоон хөгжил, Элчин сайдуудын хэлэлцүүлэг байв.

Эхний хэлэлцүүлгийг шинжээч Д.Эрдэнэдалай хөтөлж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хүртэж буй салбар, компаниуд, эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, банк бус салбарын тулгамдсан асуудлаар хэлэлцсэн юм.

Харин “Монгол улс дахь дэд бүтцийн хөгжил” хэлэлцүүлгээр Монгол улс дахь дэд бүтцийн хөгжилд тулгарч буй бэрхшээл ба боломж,  БНХАУ руу тавьсан төмөр замыг хэзээ, хэн, хэрхэн санхүүжүүлэх болон  “Нэг бүс-нэг замын санаачилгын хүрээнд Монгол улс БНХАУ-ын компаниудад юу санал болгож чадах вэ зэрэг өргөн хүрээг хамарч ярилцлаа.

Мөн үдээс өмнөх хуралдааны хэлэлцүүлэгт “Монгол улс дахь Ногоон хөгжил ба Сэргээгдэх эрчим хүчний ирээдүй”-н талаар оролцогч талууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан юм.

Гэрэл зургийг mpa.mn

Үүний дараа “Элчин сайдуудын хэлэлцүүлэг”-т Монгол улсад суугаа Элчин сайдууд оролцлоо. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар уг хэлэлцүүлгийн хөтлөхдөө “Гадаадын хөрөнгө оруулалтын итгэлийг төрүүлж, алдсан итгэлийг сэргээх нь амар биш гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харсан. Одоо алдаагаа давтах хэрэггүй. АСЕМ-ын чуулга уулзалт хөрөнгө оруулагчдын хувьд Монголыг дахин шинээр харах боломж олгосон” хэмээн онцолсон.

Канадын Элчин сайд Эд Жаггер “Монгол улс хайгуулын салбарын ач холбогдлыг сайн харах хэрэгтэй. Иймд геологи-хайгуулын бааз суурийг бий болгох нь чухал юм” хэмээн тодотголоо.

“Хөрөнгө оруулалт татахад тухайн улсын ил тод, хариуцлагатай, тууштай байдал хамгийн чухал. Эдгээрийг сайжруулаад явахад сайн хөрөнгө оруулагч орж ирнэ” гэдгийг Австралийн Элчин сайд Жонн Лангтри мөн онцолж байсан.

Гэрэл зургийг mpa.mn

Үдээс өмнөх хуралдааны хэлэлцүүлгийн төгсгөлд нийтлэлч Б.Баабар “Эдийн засгийн хямралаас гарахын тулд шинэ Засгийн газар юу хийж чадах эсэх” гэсэн сэдвээр илтгэл тавьж, асуултуудад хариулсан бөгөөд  үдээс хойшхи хуралдаан “Оюутолгой, Тавантолгойн хэтийн төлөв” сэдвээр үргэлжилсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here