Хэнтий аймгийн төв Чингис хотод энэ сарын 11-ний билэгт сайн өдөр Жонан Ханчин гэгээнийг ширээнд залж, Бат-Оршил өргөх ёслол болох гэж байна. Эдүгээгээс арван жилийн өмнө буюу 2006 онд Гомон дацанд суралцаж байсан Лувсанчойдаг хэмээх номын нэртэй Цэрэндэжидийн Гантөмөрийг Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц, IX богд Жавзандамба нар Жонан Ханчэн Жамъян Гончиг Бал Самбуу ламын хойд дүрээр тодруулж, мутрын тэмдэг батламж бичиг өгөн зарлиг буулгаж, Жонан Ханчэн хувилгаан хэмээн өргөмжилсөн юм байна. Гэгээнтэн 2003 оноос хойш өнөөг хүртэл Энэтхэгийн Гомон дацанд бурханы ном үзэж байгаа бөгөөд Чойрын гүн ухааны таван ботийн дөрвийг нь судалж дүүргэсэн байна. Одоо тэрээр Гаарамба Ог зиндаанд суралцаж байгаа ажээ.

Жонан Ханчэн гэгээний өвөг эцэг нь Гатан овогтой Гомбо гэж лам байжээ. Гомбо ламтан багадаа Мандалын хүрээ болон Хүүхэн хутагтын хүрээнд шавилан сууж байв. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед арга буюу хар болж өөрийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд монгол хэл, бичгийн багшаар ажиллах болсон байна. Улмаар Гомбо ламтан Улаанбаатарт шилжин суурьшсан гэнэ. Тэрээр 1990 онд өөрийн зээ хүүг гурван настай байхаас нь бичиг үсэг, бурханы номын уншлага зааж, улмаар Энэтхэгийн Гомон дацанд шавилуулсан ажээ.

Бурханы шашин дотроо өөр өөрийн тогтсон таалал, хэв маяг, номлол бүтээл, гүн гүнзгий үзэл бүхий урсгалууд буюу номын ёсонд хуваагддаг. Тэдгээрийн нэг нь Жонанбийн тогтсон таалал юм байна. Уг урсгалын Жонан Ханчэн Жамъян Гончиг Бал Самбуу лам нь Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын урд дүр болох Жонан дарнат ламын дамжлагын багшаар шүтэгдэж байсан түүхтэй гэнэ. Энэхүү эртний уг язгуурт Жонан Ханчэн гэгээнтнийг ширээнд нь залж, Бат-Оршил өргөх ёслолын үеэр Хэнтий нутгийн бахархал болсон Батноров хийцийн эмээл, хазаар тэргүүтэн бүрэн  тоноглол бүхий морин эрдэнийг гэгээнтэнд өргөх гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here