Цаг уураас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу зургадугаар сарын 22-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 23-ны өдөр төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-ний өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орох тул гол, мөрний усны түвшин одоо байгаагаас нэмэгдэх төлөвтэй байна. Иймд иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжээ дээшлүүлэх, багачуул, хүүхдүүдээ гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг онцгойлон анхаарууллаа. Гол, мөрний усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн хөдөө, орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд гарсаар байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд л гэхэд Баян-Өлгий аймгийн Улаанхус сум, Ховд гол үерлэж айл өрх, малтайгаа усанд боогдож, гурван айл өрхийн 13 иргэн, 30 тооны бод малыг гол гаталган нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ он гарснаас хойш ОБЕГ-ын алба хаагчид найман аймгийн найман суманд найман удаа, нийслэлийн дөрвөн дүүрэгт зургаан удаа тохиолдсон үер усны дуудлагаар ажиллажээ. Аврагчид зургаан хүнийг аварсан ч 13 хүн живж нас барсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here