Аймгийн ИТХ-ын 18-р тойрогт нэр дэвшигчид  иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар багш нарын ажлын байран дээрээ хөгжих боломжийг нэмэгдүүлэх орчин нөхцөлийг сайжруулах, гадаад дотоодын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах талаар мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж байгаа талаар мэдээллээ. Түүнчлэн сүүлийн 4 жилд гарсан боловсролын бодлогын шинэчлэлийн олон ажил хийгдсэн нь үр дүнгээ өгч  Өвөрхангай аймаг ЕБС-ийн сургалтын  чанараар улсад дөрөвт орж байгаа бол ЭЕШ-ын дундаж оноогоор улсад гуравдугаар байрт байна. Сургалтын чанарыг дээшлүүлэхэд сургалтын орчин нөлөөлөх тул сургууль, цэцэрлэгүүдийн их засварын ажлыг нилээдгүй хийж байна. Тухайлбал: Гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн хичээлийн байрыг шинээр бариулахаар ажилласны үр дүнд  Концессын гэрээгээр 640 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрыг бариулахаар шийдвэрлүүлж чадсан бөгөөд одоо зөвхөн компаниа сонгож,  барилгын ажлаа эхлүүлэх л үлдээд байна. Одоо байгаа байр нь цэцэрлэгийн зориулалттай байр учраас зориулалтын дагуу ашиглах боломжтой болно.

Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 85 хувьд хүрсэн.  Манай суманд улсын 5, хувийн 1 цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч 3 иргэн үйл ажиллагаа эрхэлж,  нийт 775 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл сумын төвийн цэцэрлэгийн насны  хүүхдүүдийн 99% нь цэцэрлэгт хамрагдаж байна. Гэвч иргэд өөрийн гэрт ойрхон  цэцэрлэгт хүүхдээ өгөх гэсэн хүслээс  улбаатай 1, 2-р цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд  дугаарлах явдал гардаг гэтэл 5-р цэцэрлэгийн анги дүүргэлт хангалтгүй байдаг. Хэрвээ эцэг эхчүүд өөрсдийн харъяалалын цэцэрлэгт хүүхдээ суралцуулбал цэцэрлэгийн хүртээмж хангалттай байна. Харин хөдөөгийн иргэдийн хүүхдийг СӨБ-д хамруулахын тулд хувилбарт цэцэрлэгийн үйлчилгээ болон “Хүүхэд харах үйлчилгээ”-г нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Өнгөрсөн 4 жилд хийсэн ажлын талаар болон цаашид хийх ажлын талаар иргэдтэй саналаа хуваалцлаа.

Сонгогчдын сэтгэгдэлээс:

Эрдэнэтолгой багийн иргэн С.Батсүх

Сүүлийн 4 жилд бүтээн байгуулалтын ажил олноор хийгдэж, сум маань хөгжиж байгааг хараад баярладаг. Ялангуяа авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж нэмэгдсэн нь ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна. Манай гэрийн ойр 4-р цэцэрлэг баригдсан нь хүүхдэдээ санаа зовохгүй ажлаа хийх боломжийг нэмэгдүүлсэн. “Шинэ Хархорин хөтөлбөр” цаашид тогтвортой үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Вангийн овоо багийн иргэн Б.Хишигжаргал

Би хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах сумын төвийн хүүхдүүд бараг байдаггүй.  Хөдөөгийн эсвэл түр оршин суугчид хүүхдээ өгөх хүсэлтэй байдаг. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ өргөжих боломж байна гэж би үздэг. Манай сумын захиргаанаас ч үүнийг дэмждэгт баярладаг.

Хархорин сумын Ардчилсан намын хорооны сонгуулийн штаб

 

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here