Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт ирэх гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Энэ чиглэлийн авто замыг дөрвөн эгнээтэй болгохоор төлөвлөж засварын ажлыг нь эхлүүлээд хоёр жил боллоо. Гэвч одоогоор дөрөв бус хоёр эгнээ ч замгүй байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хуучин замыг нь засварлахдаа таван хэсэгт хуваан тендер зарлаж, ажлын эхлүүлсэн. Гэвч хоёр, дөрөвдүгээр хэсгийг нь гүйцэтгэхээр тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд нь ажлаа үргэлжлүүлэхээс татгалзсан юм. Улмаар Зам, тээврийн хөгжлийн яам Азийн хөгжлийн банктай хамтарч дахин тендер зарлажээ. Тендерийн шалгаруулалт нь ирэх гуравдугаар сарын 20-нд эцэслэгдэх юм байна. Тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд нь тавдугаар сарын 1-нээс ажлаа эхлүүлнэ гэж тооцжээ. Харин бусад хэсгийн бүтээн байгуулалтын ажлыг нь гуравдугаар сарын 1-нээс үргэлжлүүлнэ гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Мөн Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр шинээр тавих хоёр эгнээ замыг барих аж ахуйн нэгжүүд тодорчээ. Одоо засварлаж буй замын адил таван хэсэгт хуваан гүйцэтгүүлэхээр болсон бөгөөд 2023 оны зун гэхэд ажил нь дуусна гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд хэлжээ. Өөрөөр хэлбэл, 2023 он гэхэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дөрвөн эгнээтэй болох юм байна.