Шадар сайд Я.Содбаатар өчигдөр Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүчээр хангах, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн болон хот, суурины усан хангамж зэрэг 18 чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон. Ингэснээр ихэнх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй байх нөхцөл үүсээд байна.

Иймд Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, 2021 оны  долоодугаар сарын 1 хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч шимтгэл төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр тусгажээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлэн ирүүлсэн аж ахуй нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх юм. Уг  хуулийн үйлчлэлд 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.