Дархан-Уул аймагт Covid-19-ийн хоёр тохиолдол нэмж илэрснээр, нийт 13 тохиолдол батлагдаад байгаа ажээ. Энэ талаар тус аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал шуурхай штабын хурлын дараа хийсэн хэвлэлийн хурлын эхэнд онцолсон байна.

Тэрбээр өнгөрсөн Пүрэв гариг (2020.11.19)-т Онцгой комиссын гишүүдийн хамт Хонгор сумын Салхит гуравдугаар багт очиж, үүссэн нөхцөл байдалтай танилцан, сумын онцгой комисст үүрэг чиглэл өгчээ. Дарханд бүртгэгдсэн 10, 11 дэх тохиолдол нь Салхит багаас илэрсэн байна.

Хонгорын Салхит гуравдугаар баг нь төмөр замын томоохон зангилаа төдийгүй нийт 1600 гаруй хүн амтайгаас 400 гаруй нь төмөр замын ажилчид аж. Сумын өрхийн эрүүл мэндийн эмч, ажилчдаас гадна тус аймгийн ЭМГ-аас хоёр шинжилгээний баг ажиллаж буй бөгөөд жижиг газар хүн ам олноор суурьшсан, цаашлаад тархах магадлал өндөр учраас багийн нийт хүн амыг Covid-19-ийн шинжилгээнд хамруулах юм байна.