18 дахь удаагийн уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Дисковер Монголиа”чуулга уулзалт Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд боллоо. Энэхүү уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон оролцож, салбарын хөгжлийг хангахад төрөөс баримтлах бодлого чиглэлийг танилцуулан хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, холбогдох газруудтай хамтран ажиллаж буйг онцлоод,

“Улс эх орны эдийн засгийн тулгуур болсон эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх нь монголчууд бидний эн тэргүүний зорилт бөгөөд энэ салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудын давхардал, хийдэл, зөрчлийг арилган, нээлттэй, ил тод, хариуцлагатай уул уурхайг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.  Манай салбар гадаадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаардаг. Монгол Улс, монголчуудад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлж, харилцан үр ашигтай, хамтын үйл ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг зорино. Цаашид манай Засгийн газар, яамны зүгээс ашигт малтмалын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг баримтлан ажиллана”хэмээсэн юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хөгжлийн эх суурь-эрдэс баялгийн санг арвижуулан баяжуулах замаар уул уурхайн хөгжлийн үндсийг бэхжүүлэхийн тулд төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан геологийн салбарыг хөгжүүлэх зорилтыг бодитоор хэрэгжүүлэх ажлуудыг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд удаан хүлээгдсэн “Үндэсний Геологийн алба” байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Ингэснээр геологийн судалгаа, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн иргэдийн эрдэс баялгийн боловсролыг дээшлүүлэх, дэд бүтцийг цогц байдлаар хөгжүүлэх зэрэг эрдэс баялгийн салбарын хөгжлийг дэмжсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж бүрдсэн юм.

Яамны зүгээс Геологи, Уул уурхай, Газрын тос, Хүнд үйлдвэр гэсэн өөр хоорондоо харилцан уялдаа бүхий дөрвөн том салбарт хөрөнгө оруулалтыг татах, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж улмаар уул уурхайн шинэ үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, нэмүү өртөг бүхий шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх, одоо ажиллаж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчлэн боловсруулалтын түвшинг ахиулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан үр ашгийг нь дээшлүүлэхээр зорьж байна. Мөн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд газрын тос болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, төмөр, гангийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж, зарим дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн ба цаашид хүнд үйлдвэрүүдийг бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, түүхий эдийн нөөц, бүтээгдэхүүн борлуулах зах зээл, өрсөлдөх чадвар, үндэсний эрх ашиг зэргийг харгалзан хөгжүүлэхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрдэс баялгийн салбарыг нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль, Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг тус тус шинээр боловсруулж батлуулахаар ажиллаж байна. “Дисковер Монголиа” арга хэмжээг Монгол Улсад хайгуул, олборлолтын шинэ төслүүдэд хөрөнгө оруулагчдыг татах, таниулах, салбарын үйл ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор 2003 оноос уламжлал болгон жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ.

Уул Уурхай, Хүнд үлйдвэрийн дэд сайд О.Батнайрамдал: Салбарын ирэх дөрвөн жилийн бодлогыг “олборлолтын үе шатнаас боловсруулалтын үе шатанд шилжсэн жилүүд байх болно”хэмээн тодорхойлсон Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Дисковер Монголиа”чуулга уулзалтад салбарын Дэд сайд О.Батнайрамдал “Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбарын оруулж буй хувь нэмэр” сэдвээр илтгэл тавьж, “Тусгай зөвшөөрөл болон орон нутгийн харилцаа”сэдэвт панель хэлэлцүүлэгт оролцлоо.    Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд О.Батнайрамдал илтгэлдээ, Засгийн газар, УУХҮЯ-аас  ойрын жилүүдэд энэ салбарт баримтлах  үндсэн бодлого  олборлолтоос боловсруулалт руу шилжих үе шатыг хангахад чиглэх болно. Ирэх дөрвөн жилд стратегийн томоохон орд, газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Тиймээс Засгийн газар, УУХҮЯ, ГХЯ-аас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр тодорхой санал санаачилгууд гарган ажиллаж байна. Мөн хайгуулын салбар нь гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг гол салбар учир дараагийн томоохон ордуудыг нээн илрүүлэхийн тулд зайлшгүй эрэл хайгуул хийж байж уул уурхайн салбар урт хугацаандаа тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ. Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийг ил тодоор, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр олгох асуудлыг сайтар судалж, эрх зүйн орчныг шинэчлэх,  сайжруулах шаардлагатай байгааг онцолсон юм.