Тулгар төр байгуулсны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал өчигдөр болов.

Эл хурлаар баяр наадмын төсөв, нээлт, хаалтын тоглолтын талаарх танилцуулга, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь автомашины зогсоолын талаар ярилцаж, санал содлоо солилцсон юм.

Баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нар ажиллана.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавих, наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг эртнээс хангах, бүх төрлийн үзүүлбэр тоглолтын аюулгүй байдалд онцгой анхаарах, хүй долоон худагт морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний газруудад усалгааг одооноос эхлүүлж, зүлэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, тус хорооны дарга Ц.Оюунбаатар үүрэг болголоо.

Мөн наадам болтол Хүй долоон худагт ямар нэгэн уралдаан, тэмцээн зохиохыг хориглож, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 7300 гаруй автомашины зогсоол гаргахаар бэлтгэж буй аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here