Коронавирусийн нөхцөл байдлыг мэдээлэх хэвлэлийн хурлын үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг зарим мэдээллийг өглөө. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар гадаадын 81 улсаас 23354 иргэнийг эх оронд нь авчраад байна. Энэ сард УОК-ын даргын өгсөн үүргийн дагуу 11 тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Эхний нислэгээ амжилттай хийсэн, Нурсултанаас иргэдээ авчирсан байгаа. ГХЯ-наас гадаадад байгаа Элчин сайдын яамдын төлөөлөлтэй холбогдож, нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог цаг тухайд нь авч, шинэчилж байна. Тэр дундаа гадаадад гацсан гэх тодотголд хамаарах, хүнд нөхцөлд байгаа иргэдийн тоог нарийвчлан гаргаж байгаа.

Өнөөдрийн байдлаар аравдугаар сардаа багтаж эх орондоо нэн яаралтай буцаж ирэх хүсэлтэй байгаа хүний тоо 300 орчим байна. Энэ иргэдийн дийлэнх нь буюу 2500 орчим нь БНСУ-д байгаа. Харин АНУ-д яаралтай буцах хүсэлтэй 205 хүн байна. Европ болон бусад бүс нутагт 490 орчим хүн байгаа юм. Энэ сарын нислэгүүдээр бид 2760 иргэнийг авчирна гэж урьдчилсан байдлаар тооцсон. Тэгэхээр энэ сарын сүүлчээр яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурч, татан авах ажиллагаа үндсэндээ дуусна гэж хэлж болно.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор гадаадаас ирж буй зорчигчдыг задгай талбайд буулгаж, тусгаарлах байр руу зөөвөрлөх горимыг өөрчилсөн. Нурсултаны нислэгээс эхлээд онгоцны буудлаар дамжуулж, тусгаарлах байр руу зөөвөрлөж эхэлсэн. Энэ ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллыг сайтар сахьсаны үндсэн дээр хийж байгаа.

Бас нэг мэдээллийг өгөхөд, нэн шаардлагатайгаар, бизнесийн ажлаар Монголд ирэх хүсэлтэй иргэдэд виз олгохыг УОК-ын удирдлагаас өгсөн. Богино хугацааны буюу 30 хоногийн визтэй ирсэн иргэн 21 хоног тусгаарлалтад байна. Улмаар дахин 30 хоногоор визээ сунгуулах боломжтой байхаар зохицуулж байгаа юм. Энэ шийдвэрийг өнөөдрөөс эхлээд хилийн чанадад байгаа Элчин сайдын яамдад өгнө. Улмаар ажлыг эхлүүлж байна” хэмээлээ.