Нөлөө бүхий хоёр банк эрсдэлтэй байдалд орсон гэх мэдээллийг Ерөнхий Аудиторын орлогч  О.Тэнгис хийсэн нь олны анхаарлыг татаад буй. Энэ асуудалтай холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкны системийн нөлөө бүхий таван банкны үзүүлэлтүүд хангалттай хэмжээнд байгаа” гэж мэдэгдлээ.

Монголын банкны системд 35 их наяд орчим төгрөг эргэлдэж байгаа нь төсвөөс гурав дахин их хэмжээтэй аж. Түүнчлэн системийн 85 хувийг эзэлж буй нөлөө бүхий таван банкны үзүүлэлтүүд хангалттай байгаа учраас эрсдэл байхгүй гэв.

Өнгөрсөн гурван жилд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад Активын чанарын үнэлгээ хийж, 7 банкийг өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьжээ. Үүнээс 6 банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Харин Капитал банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадаагүй, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь доголдсон учраас дампуурсан гэсэн мэдээллийг мөн Төв банкны удирдлагууд өглөө.