МХЕГ-ын даргын “Чиг үүрэг шилrүүлэх тухай” тушаалаар тус газрын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын газраас олгодог Мал эмнэлэг, Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, Импортын мэдэгдлийг Аймаг, Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэст шилжүүлжээ. Энэхүү шийдвэр 2020 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Энэ талаар МХЕГ-ын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржаваас тодруулахад “Уг ажил гуравдугаар сард шилжих байсан нь коронавирусээс болж хойшлогдсон. Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлсэн нь ААН-үүдийн зардал мөнгө, цаг хугацааг хэмнэсэн ажил. Боомт бүхий аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, НМХГ-ын Экспорт, импортын хорио цээрийн хэлтэс энэ гэрчилгээ мэдэгдлийг олгоно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт стратегийн холбогдолтой зарим нэр төрлийн гэрчилгээ мэдэгдлийг олгох юм. Өнгөрсөн оны 12 дугаар сараас холбоодоор дамжуулан аж ахуйн нэгжийн санал хүсэлтийг тусгасны үндсэн дээр ийм шийдвэр гарсан.

Түүнчлэн Хятадаас орж ирдэг загас, далайн гаралтай бүтээгдэхүүнд 07.07 хүртэл хязгаарлалт тавьсан. Харин бусад жимс, жимсгэнэ гэх мэт хүнсний бүтээгдэхүүнд хязгаарлалт тавиагүй” гэв.