Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдэн, нийт 10 сая 563 мянган  хүн халдвар авч,  513  мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  159  мянга гаруйгаар  нас баралт 4 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

Манай улсад  16 хүн ажиглалтад шинээр орж,  ажиглалтаас 31 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжжээ.  Ажиглалтад нийт 2468 хүн байна. 1-5 насын 118 хүүхэд, 53 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 332  хүн байгаа. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 6000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд 161 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 1  дуудлага ирсэн.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид  нийт 406 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл ажиглах байранд тусгаарлагдаж байсан 378 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр  иргэний шинжилгээ, тандалтын зорилгоор долоон  хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 19 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ байна.  Сайн мэдээ нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс  дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэн нь 21 настай эрэгтэй ОХУ-аас ирсэн оюутан байна.   ХӨСҮТ-д эмчлэгдэж дараагийн сувилал руу   шилжсэн жирэмсэн эмэгтэйг өчигдөр ХӨСҮТ-рүү дахин шилжүүлж  өнөө өглөө 07.00 цагт  амаржиж, охинтой боллоо. Баяр хүргэе. Манай нийт батлагдсан тохиолдол 220  эдгэрсэн тохиолдол  176 боллоо. Харин эмчилгээнд 44  хүн байна. Биеийн байдал хөнгөн 33, хүндэвтэр 11 иргэн байна.