Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.

-Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж буй таны хувьд өнөөдөр энэ зах зээл хэр хөгжиж байна гэж харж байна вэ?

-Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх хамгийн урт удаан хугацаанд гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байгаа хүн нь би болж байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн найруулах, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг боловсруулахаас нь эхлээд батлуулах хүртэл нь явлаа. Түүнчлэн Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд гар бие оролцсон. Үүний үр дүнд олон улсын стандартыг Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлж чадлаа. Мөн төлбөр тооцооны шинэчлэл, дүрэм журам өөрчлөгдөх, шинэ эрх зүйн орчныг бий болгосноор Монголын хөрөнгийн зах зээл дээр IPO хийгдэх процессыг илүү тодорхой болгож өгсөн.

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд цаашид юун дээр илүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Дотоодын хөрөнгийн зах зээл харьцангуй өсч хөгжиж байгаа таатай цаг үед зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр шинэчлэлийн арга хэмжээнүүдийг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн бүтэц хэт нүсэр байна. Олон улсын хөрөнгийн зах зээлийн бүтцийг судалж үзвэл арилжаа, төлбөр тооцоо зэрэг дэд бүтцийн байгууллагууд нь нэгдмэл буюу группийн бүтэцтэй байдаг тул тэр өндөр зардлыг орлогоороо санхүүжүүлэх бүрэн боломжтой байдаг. Манай зах зээлийн хувьд олон салангид байгууллагууд нь төрийн өмчит хэлбэрээр тус, тусдаа үйл ажиллагаа явуулдаг нь зах зээлийг нэгдсэн бодлого, чиглэлээр хангах, зах зээлийн өртөг зардлыг бууруулахад сөргөөр нөлөөлдөг.

Үүний зэрэгцээ мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын сан бий болгох шаардлагатай байна.

Мөн бидний хувьд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож байна. Тухайлбал, хамтын хөрөнгө оруулалтын сан. Компани IPO хийж байгаа мэт хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, хөрөнгө босгоно. Тэрхүү хөрөнгөөрөө хөрөнгийн бирж дээр нэг компани гэхээсээ илүүтэй компаниудыг багцалж худалдаж авах боломжтой болсон. Энэ ажил ойрын үед үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл, хувьцааг багцаар нь худалдаж авах шинэ бүтээгдэхүүн гэсэн үг. Түүнчлэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу банк, санхүүгийн байгууллагууд авлагаа барьцаалж, хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох боломжтой болсон энэ мэтчилэн бид хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, Монгол Улсын эдийн засгийг шинэ түвшинд гаргах чиглэлд ажиллаж байна.

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нэг хөшүүрэг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа гэж ойлгож байна. Монголын 1.2 сая иргэн хувьцаа эзэмшигч боллоо?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2012 онд иргэдэд анх эзэмшүүлсэн. Өдгөө найман жил өнгөрлөө.

Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаагаа ард түмэнд эзэмшүүлээд, ард түмэн тус компанийн хувьцаа эзэмшигч гээд явж байгаа мэт боловч тэрхүү хувьцааг бид сонгодог утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл, бид хувьцаагаа хөрөнгийн бирж дээр гаргаж, зарж чадахгүй байна, хувьцаа нь өөрөө бирж дээр арилжаалагдахгүй байна. Хэдийгээр бид ногдол ашгаа хараахан аваагүй байгаа ч 1072 хувьцааны ногдол ашиг тараах шийдвэр гарч байна гэдэг бол тодорхой хэмжээний ахиц дэвшил гарч байна гэсэн үг. Иймээс бидний хувьд төр засгийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, хувьцааны арилжааг яаралтай эхлүүлэхийг хүсч байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг сонгодог утгаар нь хувьцаат компани болж, иргэд ч хувьцааныхаа үр өгөөжийг хүртэх боломж нь нээлттэй болно.

-Иргэдийн хувьд өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар мэдлэг хэр дээшилсэн гэж та харж байна вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 1.8 сая иргэн эзэмшиж байна. Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх иргэдийн мэдлэг дээшилсэн. Үүнийгээ дагаад хөрөнгийн зах зээл ч хөгжиж байна. Гэхдээ Монголын бүх ард түмэн хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх мэдлэгтэй байх албагүй. Монголд хөрөнгийн зах зээл хөгжихийн тулд нэн шаардлагатай зүйл бол мэргэжлийн хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын санг бий болгох хэрэгтэй. АНУ, Баруун Европын улс оронд бүх иргэд нь хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй байна уу үгүй юу гэхээр үгүй. Тухайн улсад хөрөнгө оруулалтын сан, мэргэжлийн хөрөнгө оруулагчид байсан тулдаа хөрөнгийн зах зээл нь хөгжсөн. Манай улсад харамсалтай нь одоогоор алга. Бий болох процесс нь явагдаж байна.

-Тэтгэврийн сан өөрөө олон улсад хөрөнгө оруулалтын сангийн нэг хэлбэр төдийгүй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нэг тулгуур нь болдог. Таны хувьд тэтгэврийн реформ хөдөлгөөнийг санаачлагчдын нэг. Манай улсад тэтгэврийн сан хөрөнгийн бирж дээр гарч, хөрөнгө оруулалтын сангийн нэр хэлбэр болсноор монголчуудад ямар ач холбогдолтой гэж харж байна вэ. 

-Хөрөнгийн бирж хөгжих хамгийн гол үндэслэл нь мэргэжлийн хөрөнгө оруулагч. Харин мэргэжлийн хөрөнгө оруулагчийг бий болох хамгийн гол үндсэн суурь нь тэтгэврийн сан. Өөрөөр хэлбэл, хувийн тэтгэврийн сан.

Гэтэл манай улсад өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл нь татварын шинж чанартай болчихсон. Эргээд амьдралд огт нэмэр болохгүй байгаа нь өнөөдөр тод харагдаж байна. Угтаа бол бид ирээдүйдээ хөрөнгө оруулах зорилгоор НДШ-ийг төлдөг. Гэтэл энэ зүй тогтол нь алдагдчихсан. Үүнийг бид өөрчилье гэж санаачилга гаргасан. Өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн гол нууц нь хувийн тэтгэврийн сан байдаг. Хувийн тэтгэврийн сан нь хөрөнгө оруулалтын сангаар дамжиж, өсөөд үржиж байдаг. Жишээлбэл, Монгол Улсад “Оюутолгой” төсөл хэрэгжиж байна. Төслийн дийлэнх хувьцааг Рио Тинто компани эзэмшдэг.

Гэтэл АНУ-ын Калифорни мужид амьдардаг багш тэтгэврийн сангаараа дамжуулан хөрөнгө оруулалтын менежерийн тусламжтайгаар Рио Тинтогийн хувьцааг худалдан авч, Оюутолгой төслийн өгөөжийг хүртэж байх жишээтэй. Гэтэл Монголын ард түмэн Оюутолгой төсөлтэй холбогдож чадахгүй байна. Энэ замыг нь бид бий болгоё гэж яриад байгаа юм.

Бидний төсөөлж буйгаар, тэтгэврийн шинэчлэл ирэх парламентын хугацаанд хийгдэж таарах байх.

-Уул уурхайн компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарч IPO хийхийг иргэд сайн ойлгохгүй, хэн нэгний эсвэл гадаадын өмч болох гэж байгаа мэтээр хандаж байна Уул уурхайн компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарах нь хэр ач холбогдолтой зүйл вэ?

-Монгол өөрөө уул уурхайн орон. Монголын хөгжлийн гол тулгуур багана бол уул уурхай. Тэгэхээр уул уурхайн төслийг хэрэгжүүлж буй гол компани нь өөрөө хувьцаат компани болоод Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалбал монголчууд тухайн компанийн хувьцааг худалдаж авах замаар уул уурхайн төслөөс өгөөжийг нь шууд хүртэх боломж нь нээгдэх ач холбогдолтой.

Үнэт цаасны тухай хууль мөрдөгдөж эхэлсэнээр давхар бүртгэл гэх зүйл бий болсон. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг компани Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах процессыг хэлж байгаа юм.Үүний тод жишээ бол Эрдэнэ Ресурс компани. Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг тус компани Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлснээр Оюутолгой, Туркойз хилл, Рио Тинто зэрэг компаниудын хувьд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж, улмаар Монголын ард түмэн тэрхүү хувьцаанаас нь, уул уурхайн төслөө үр өгөөжийг нь хүртэх үүд хаалгыг нь нээсэн маш том алхам болсон.

-Covid-19 цар тахлын нөлөө хөрөнгийн зах зээлд хэр мэдрэгдэж байна вэ?

-Цар тахал дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлд асар хүчтэйгээр нөлөөлж байна. Томоохон биржүүдийн индексүүд түүхэн хямраын үеийн уналтуудыг үзүүлсэн бөгөөд одоо эргэн сэргэж байна. Дотоодын зах зээл ч мөн адил тодорхой хэмжээний уналтыг үзүүлсэн бөгөөд цар тахлын эрсдэл өндөр хэвээр байгаа тул эргэн сэргэх үйл явц удаашралтай байна. Энэ жилийн хувьд төлөвлөгдсөн ажлууд бага зэрэг хойшлогдож байна. Гэсэн хэдий ч зах зээлийн оролцогч байгууллагууд төлөвлөсөн арга хэмжээнүүдээ авч ажиллаж байна. Тухайлбал, энэ оны эхний IPO болох “Боди даатгал” ХК-ийн анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах үйл ажиллагаа ид явагдаж байна.

-Хөрөнгө оруулагч нарын хандлага ямар байна вэ?

-2011 онд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр дэлхийд толгой цохиж байсан. Тэр үетэй өнөөдрийг харьцуулшгүй. Монголын хөрөнгийн зах зээлийг Солонгос, Япон, Хятадын хөрөнгө оруулагч нар сонирхож байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ёстой. Ингэхийн тулд төгрөг өөрөө тогтвортой байх хэрэгтэй. Гэтэл төгрөгийн ханш өнөөдөр маш их суларч байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч нарт бид эрсдэлтэй гэж харагдах нэг нөхцөл болж байна.

Мөн Монголын хөрөнгийн бирж дээр долларын бонд гаргах, долларын бүтээгдэхүүн гаргах эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Ингэснээр харьцангуй эрсдэл багатайгаар хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээл дээр гарч ирэх боломжтой.

-Долларын бонд, бүтээгдэхүүн гаргах гээд та ярьж байна. Энэ маань эргээд долларжилтыг идэвхжүүлж, төгрөгийн ханш улам л сулрах эрсдэлтэй биш гэж үү?

-Бидний судалгаагаар, долларын зээлийн хүү 12-14 хувь, долларын хадгаламжийг 3-4 хувьтай байна гэж тооцвол хөрөнгийн бирж дээр ам.долларын бонд зээлийн хүүнээс бага, хадгаламжийн хүүнээс бага зэрэг өндөр буюу ойролцоогоор 6 хувьтай байвал компаниудын хувьд хямд өртөгтэй хөрөнгө босгох, иргэдийн хувьд өндөр өгөөж хүртэх боломжтой болох юм.

-Сүүлийн үед банкуудыг хөрөнгийн зах зээл дээр гаргая гэж ярих боллоо. Нэг эзэнтэй байснаас олон эзэнтэй болгое гэж байна. Энэ санаачилгыг та юу гэж харж байна вэ?

2020 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогод банкуудыг нээлттэй компани болгох чиглэл орсон нь тун чухал алхам болсон. Банкууд хувьцаат компани болох нь засаглал, ил тод байдлаа сайжруулах, түүнийг дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэж, ашигт ажиллагаа сайжрах зэрэг давуу тал үүсэх боломжтой.

-УИД-т тохиолдол үйл явдал өнөөдөр олны анхаарлын төвд байна. Тэр тусмаа олон хувьцаа эзэмшигчидтэй, хөрөнгийн биржид бүртгэлтэй УИД-ийн хувьцаа хэр хэлбэлзэлтэй байна бэ?

УИД нь ойролцоогоор 40 мянган хувьцаа эзэмшигчидтэй, хөрөнгийн биржид бүртгэлтэй байгууллага. Иймээс Монголын хөрөнгийн биржийн зүгээс УИД-д албан тоот хүргүүлээд байна. Тодруулбал, бид УИД-т учирсан гарз хохирлын хэмжээ, гал түймрийн хохирол нь даатгуулсан байсан эсэх талаарх мэдээллийг яаралтай ирүүлэхээр албан тоот хүргүүлсэн. Болсон үйл явдал хувьцаанд нь мэдээж нөлөөлж байгаа. Өчигдрийн хувьд УИД хувьцаа бууралттай гарсан.