Монгол Улсын Их Хурал Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалт /АСЕМ/-ын хүрээнд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү уулзалтын үр дүнгийн талаар Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Их Хурал Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг эх орондоо анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү уулзалт амжилттай боллоо. Уулзалтын үр дүнгээр хоёр тивийн хууль тогтоогчид Тунхаглал баталлаа. Энэ удаагийн уулзалтад Ази, Европын 32 орны болон Европын парламентын 170 төлөөлөгч оролцлоо. Парламентын төлөөлөгчид уулзалтын үеэрх нэгдсэн болон салбар хуралдаанууд, хороодын хурлын ажиллагаанд идэвхи, санаачлагатай оролцсон гэдгийг дурдаад дээрх уулзалтууд найрсаг, хамтын ажиллагааны уур амьсгалд болсныг тэмдэглэв.

АСЕМ-ын үйл явцын салшгүй хэсэг болох Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт нь АСЕМ болон Ази-Европын парламентын түншлэлийн 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Хоёр өдөр үргэлжилсэн уулзалтаар Ази-Европын парламентын түншлэлийн өнгөрсөн 20 жилийн ажлыг дүгнэн, цаашид баримтлах чиглэлээ түлхүү ярилцахын зэрэгцээ олон улсын болон бүсийн энх тайван, аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд зэрэг өргөн хүрээний асуудлаар хоёр тивийн хууль тогтоогчид санал бодлоо солилцлоо.

Түүнчлэн Ази-Европын парламентчид дэлхийн болон бүсийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхдээ олон улсын эрх зүйн бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээний дагуу яриа хэлэлцээ хийх замаар эв зүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн нэгдмэл байр суурьтай байсныг Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн юм. Мөн тэрээр, Энэхүү уулзалтын явцад улс орнуудын илэрхийлсэн байр суурь, дэвшүүлсэн санал санаачлагууд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын Тунхаглалд нийтийн зөвшилцлөөр тусгалаа олсон. Уг баталсан Тунхаглалыг ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтад танилцуулна. Ази-Европын парламентчид хоёр бүс хоорондын түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн АСЕМ-ын үйл ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэн дэмжих, АСЕМ-ын үйл ажиллагаанд парламентын оролцоог бэхжүүлэх, АСЕМ болон Ази-Европын парламентын түншлэлийн хооронд хэлхээ холбоог бататгах, Ази-Европын улс түмний нийтлэг зорилт, эрх ашгийг амьдралд хэрэгжүүлэхэд парламентуудын үүргийг нэмэгдүүлэх асуудал дээр санал нэг байлаа. Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг угтан зохиогдох арга хэмжээнүүдийн салхийг хагалж байгаагаараа онцлог бөгөөд бид гараа сайн бол бариа сайн гэж ярьдгаар дараа дараагийн саруудад болох арга хэмжээнүүд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нэгэн адил амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Мөн хэвлэлийн хурлын үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Батчимэг нар болон Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцсон төлөөлөгчид мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here