Монгол Улсын Хөгжлийн банк нь ОХУ-ын ВТБ банктай худалдааны санхүүжилтийн гэрээ байгуулсан байна.Энэ талаар өнөөдөр  Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Монголбанкны зах зээлийн газрын гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батдаваа нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтэнд зориулан гадаадын хөрөнгийн зах зээлээс хям санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэн ажилладаг билээ. 300 сая ам.долларын эх үүсвэрийн хэлэлцээрийг ОХУ-ын ВТБ банктай 2016 оны 4-р сар 18-ны өдөр үзэглэн баталгаажууллаа. Тус банкнаас бүрдүүлсэн эх үүсвэрийг ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтэд зориулан ашиглах аж. Уг худалдааны санхүүжилтийн шугам нь 36 сар буюу 3 жилийн хугацаатай юм байна. Манай улс нефтийн импортын хэмжээтэй уялдуулан санхүүжилтийг хэсэгчлэн авч болох аж. Хоёр талын гэрээнд зааснаар 300 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг жилийн 7.6 хувийн хүүтэйгээр авч буй аж. Үүнийг Хөгжлийн банк нь арилжааны банкаар дамжуулан нефть импортлогч компаниудад олгоно.

Энэхүү эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлснээр шатахуун импортлогч нарт тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр бий болгож, улмаар сар бүр нефтийн бүтээгдэхүүний төлбөрт зориулан гадагшлах валютын урсгалын хугацааг сунгана. Монгол Улсын нийт импортын 20-25 хувийг нефтийн бүтээгдэхүүний импорт эзэлдэг аж. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед нефтийн импорт нь 1.2-1.4 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол сүүлийн хоёр жилийн хугацаанд 700-800 сая ам.доллартай тэнцэх болжээ. Өөрөөр хэлбэл, монголчууд энэ хэмжээний валютыг зөвхөн нефтийн бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулдаг гэсэн үг . Харин сүүлийн хэдэн өдөр валютын ханш бууж эхэлсэн нь Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын ВТБ банктай худалдааны санхүүжилтийн гэрээ байгуулсантай холбоотой аж. Ийм гэрээг байгуулснаар нефть импортлогч компаниуд “Роснефть”-иос газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр авах боломжтой болж байна. Энэ нь 100 хувь урьдчилж төлбөрөө төлсний дараа нефтийн бүтээгдэхүүнээ “Роснефть”-иэс авдаг  хуучин тогтолцоог халж,  тодорхой хугацааны дараа төлөх боломжийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой аж.

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат: Цаашдаа олон эерэг үр дүнг дагуулна

Монгол Улсын валютыг гадагшлуулдаг нэг том урсгалыг нефтийн бүтээгдэхүүний импорт эзэлдэг. Энэ худалдаа одоог болтол орчин үеийн боловсронгуй худалдааны тогтолцоог ашиглаж чадахгүй явсаар ирсэн. Нефть импортлогч компаниуд ОХУ-аас энэ төрлийн бүтээгдэхүүн авахдаа өөрсдөө хөрөнгөө гаргадаг байсан. Харин энэхүү  гэрээг байгуулснаар олон давуу талтай.   Сайн нөхцөлтэйгээр орж ирж байгаа худалдааны санхүүжилт гэж ойлгож болно. Нийтдээ 3 жилийн туршид үргэлжилнэ. Хэрвээ Монголын тал гадаад худалдааны шугамыг тултал нь ашиглаж чадвал 1 тэрбум 350 сая ам.доллар хүртэлх санхүүжилт хийх боломжтой. Монгол Улсын гадаад нөхцөл байдал амаргүй байгаа үед Оросын талын түншүүд маань маш сайн нөхцөл санал болгосон. Цаашдаа олон эерэг үр дүнг дагуулна.

Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн: Цаашлаад нефтийн худалдааг рублиэр төлдөг болох механизм руу шилжих алхам бас тавигдаж байна

Эхний ээлжинд бид “Роснефть” компаниас нефть импортолдог дөрвөн том компаниас эхэлж байгаа, цаашлаад зээлийн шугамаа сайн ашиглаад ирвэл нэмэгдүүлэх боломжтой. Гол ач холбогдол нь валютын урсгалд эерэг нөлөө үзүүлнэ.  Хавар, зуны улиралд валютын ханш огцом савладаг,  намар уул уурхайн өгөөж орж ирдэг учраас энэ урсгал жигдэрдэг. Энийг жигдлэхэд томоохон дэмжлэг болно. Нефть бүтээгдэхүүний худалдан авалт нь 18-22 хувийн хүүтэй зээлээр санхүүжигддэг. Үүнийг нэг оронтой тоонд оруулсан хэлцлийг хийж чадсан нь ач холбогдолтой. Цаашлаад нефтийн худалдааг рублиэр төлдөг болох механизм руу шилжих алхам бас тавигдаж байна гэж ойлгож болно. Нефть импортлогч компаниуд 100 хувь урьдчилж төлбөрөө төлж байж, нефтийн бүтээгдэхүүн авдаг байсан бол одоо тодорхой хугацааны дараа төлөх боломж нь бүрдэж байна гэсэн юм.

Монгол банкны зах зээлийн газрын гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Б. Батдаваа: Гадаад валют орох урсгалд эерэгээр  нөлөөлнө

–  Хөгжлийн банк ВТБ банктай энэхүү гадаад худалдааны санхүүжилтийн  гэрээг хийснээр 1, 2-р улиралд гадаад валютад орох урсгалд эерэгээр  нөлөөлж, эрэлт нийлүүлэлт тэнцвэргүй байдлыг тогтворжуулж, ханшийн огцом хэлбэлзэл үүсэхээс сэргийлэх  нөхцөл бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой  юм.

Эх сурвалж: www.times.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here