УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Дээрх хуулийн төсөлд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмж тусган бэлэн байдлын зэрэгт бүрэн болон хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх ойлголтыг шинээр томьёолжээ. Мөн гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмэхээр тусгажээ.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, Засаг дарга нарын бүрэн эрх, улсын албад, хуулийн этгээд, албан тушаалтан, түүнчлэн иргэний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хэсэг, заалтыг нэмж өгсөн байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг хангахтай холбоотой хэсэг, заалтыг шинээр нэмж тусгасны зэрэгцээ бусад хуульд давхардсан хэсэг, заалтыг хүчингүй болгож, зарим хэсэг, заалтыг өөрчлөн найруулахаар зохицуулжээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 5-ны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны дэмжсэн төслийн талаарх зарчмын зөрүүтэй таван саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн 10.4-т заасны дагуу гарах аливаа шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд ямар ямар шаардлагыг нэг мөр хангасан байхыг агуулсан 10.9-10.11 дэх хэсгийг нэмэхээр тогтов.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 10 дугаар зүйлийн 10.4.13 дахь заалтыг “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн талаарх илт худал мэдээлэл нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ноцтой саад учруулахаар бол тухайн мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөл байдалд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авах” гэж, 10.4.17 дахь заалтыг “зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох мэдээллийг авах бөгөөд тухайн мэдээллийн нууцлалыг хадгалах, түүнчлэн гамшгаас хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахгүй байх” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжлээ.

Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 17 дахь заалт буюу 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь заалтыг “гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар зарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, дэлгэрэнгүй мэдээлэх” гэж өөрчлөн найруулахаар болов.

Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон шилжүүллээ.

Дараа нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.