Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-ын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан хурандаа Ш.Амгалан, Б.Эрдэнэбат нарыг өнгөрөгч амралтын өдрүүдэд ТЕГ-аас тусгай ажиллагаа явуулж баривчилсан талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүүгээс тодруулахад “Жиргээнд идэвхтэй байснаас болж баривчилсан асуудал байхгүй. Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэмт хэрэгт холбогдуулаад нэр бүхий иргэдийг шалгаж байгаа. Энэ ажиллагааны хүрээнд нэр бүхий иргэдийг саатуулсан. Нэр дурдсан иргэнтэй холбоотой хэрэг нууцын зэрэглэлтэй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гадаадын тагнуулын байгууллага иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах хэрэг маш нууцын зэрэглэлтэй байдаг. Тиймээс прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө.

Тагнуулын байгууллагын тухай хуульд зааснаар тагнуулын ажилтан хууль бусаар өөрийнх нь эрх ашгийг хөндсөн гэж үзвэл түүнийг харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах үүрэгтэй” гэсэн мэдээллийг өгөв.

Эх сурвалж: news.mn