УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Батлан хамгаалах, зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын  ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг дээшлүүлэх, эрхзүйн байдлыг сайжруулах зорилгоор “Цэргийн алба,  хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулан УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

2017 онд Монгол Улсын төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд  ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж, ОУВС-аас тавьсан шаардлагын дагуу цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан билээ.

Тус өөрчлөлтөөр:

– Цэргийн анги, байгууллага офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийг орон сууцаар хангаагүй бол орон сууц, гэр, байшин хөлслөх тухайн орон нутгийн түрээсийн төлбөрийг 12 хавтгай дөрвөлжин метрээр тооцож цэргийн анги, байгууллага олгох;

– Улсын хил болон алслагдсанд тооцох анги, байгууллагад таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн застав болон түүнтэй адилтгах салбарт 50 хувь, суурин бус газар байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 35 хувь, нийслэл, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 25 хувиар бодож нэгтгэн таван жил тутамд олгох;

– Цэргийн тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицерт урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны цалинг харьяалсан үндсэн байгууллага сар бүр олгох гэсэн  3 заалтыг хүчингүй болгосон.

Улс орны эдийн засгийн байдал сайжирч, Олон улсын валютын сангаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр дуусах дөхөж байгаатай холбогдуулан дээрх хүчингүй болгосон заалтуудыг тус хуульд эргүүлэн тусгах, хуучин хүчин төгөлдөр үйлчилж байсан хэвээр хуульчилж нь алба хаагчдын эрх зүйн баталгааг сайжруулах энэ хуулийн гол зорилго юм.