Дэлхий дахинд короновирусын халдвар цар тахлын хэмжээнд дэгдэж, улс орнууд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Гэтэл ийм цаг үед зарим компани ашиг хөөцөлдөж, шаардлага хангахгүй амны хаалт, хамгаалах хэрэгсэл, гар ариутгагч үйлдвэрлэн борлуулсан зөрчил гарч байгаа нь харамсалтай.

УОК-ийн өчигдрийн мэдээллийн үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас ариутгал, халдваргүйжүүлэлтэд ашиглаж байгаа бодисуудаас дээж авч шинжилгээнд хамруулсан талаар мэдэгдсэн. Тодруулбал, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисуудаас 99 дээж авч шинжлэхэд ариутгалын бодисын агууламж хангалтгүй зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, Францад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 55 дээжээс 23, БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авсан 34 дээжээс дөрөв нь л шаардлага хангасан. Учир нь ариутгалын бүтээгдэхүүнд дэгдэмхий шинж чанар бүхий  бодисууд ордог тул хадгалалт, тээвэрлэлтийн явцад ийнхүү чанар нь алдагдсан гэж үзсэн байна. Тиймээс ариутгал хийхдээ орцыг нь нэмэгдүүлэхийг зөвлөсөн.  Хоёрдугаарт, гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж, ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн. Үүнд нийслэлийн зургаан дүүрэг дэх 18 аж, ахуйн нэгж хамрагдсанаас 14 нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө ЭМЯ-аас аваагүй байсан нь тогтоогдсон. Гар ариутгагч бодисын гол найрлага нь 96 хувийн хүнсний спирт. Гэтэл “Нахиа импекс”, “Монос” компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан. Тиймээс холбогдох стандартын дагуу ажиллахыг шаардлага хүргүүлсэн” гэв.