Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй

Barimt.mn
2025/05/13

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгохоор болсон билээ. Ийнхүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхний дөрвөн шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд удаах хоёр шалгуур үзүүлэлтийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ.

Тодруулбал, нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах шаардлагыг хангасан тохиолдолд олгоно.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн шалгуур үзүүлэлтүүд:

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийг болон торгох шийтгэлийг барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1 дэх хэсгийн дагуу даатгуулсан байх;
  3. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  4. Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;

Зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шалгуур үзүүлэлтүүд:

5. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;

6. Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх.

Энэ талаар нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвээс тодрууллаа.

Тэрбээр “Зургаадугаар сарын 1-нээс эхлэн 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд шинээр Улаанбаатар хотын улсын дугаар олгохгүй. Мөн Улаанбаатар хотод импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл тухайн улсад экспортод гарахын өмнөх техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх шаардлагыг тавьж буй. Өөрөөр хэлбэл бидний авах гэж буй тээврийн хэрэгсэл тухайн улсад ашиглагдах үедээ ямар түүхтэй байсныг дүгнэлт гарган авах заалтыг тусгасан” гэв.

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Тодруулбал,

  • Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх;
  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
  • Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор нийслэл хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд дээрх шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно. Тодруулбал,

  • Мотоцикл
  • Механизм
  • Зүтгүүр
  • Чиргүүл
  • Цистерн
  • Тусгай зориулалтын автомашин
  • Автобус зэрэг тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно.

Дашрамд, Улаанбаатар хотод 800 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүний 74 хувийг 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл эзэлж байна. Мөн өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Өөрөөр хэлбэл, оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй 800 мянга гаруй тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд зургаан шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгоно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энхтайваны гүүрний доор борооны ус зайлуулах шугам угсарч эхлэв 2025/07/30
МИАТ шинэ агаарын хөлгөө "Ирвэс" хэмээн нэрлэжээ 2025/07/30
Сингапур руу шууд нислэг үйлдэж эхэллээ 2025/07/28
БНСУ руу явах болон БНСУ-аас ирэх зорчигчдын анхааралд 2025/07/28
Пусаны боомтыг Монгол Улс руу нээх ажлыг албан ёсоор эхлүүллээ 2025/07/23
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо 2025/07/10
Шанхайн чиглэлийн бизнес ангиллын суудалдаа 20%-ийн хөнгөлөлт зарлав 2025/07/09
Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа 2025/07/09
МИАТ ТӨХК “ТОП-100” аж ахуйн нэгжийн 7-р байрт шалгарлаа 2025/07/03
"Элсэлтийн шалгалтад 7 шалгуулагч гар утастай орсон учир оноог тэглэсэ… 2025/06/25
Энэ жил элсэлтийн шалгалтыг 43318 хүүхэд өгснөөс 172 суралцагч дээд он… 2025/06/23
Элсэлтийн шалгалт энэ лхагва гарагт эхэлнэ 2025/06/16
Элсэлтийн шалгалтын албан ёсны дүн хэзээ гардаг вэ? 2025/06/12
​2025 оны "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь 2025/06/09
Улаанбаатараас Хөвсгөл рүү нислэг үйлдэж эхэллээ 2025/06/05
Гашуунсухайт боомтын экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ 2025/05/16
Морингийн даваанд хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуу… 2025/05/16
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд хот… 2025/05/13
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая... 2025/04/24
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын… 2025/04/24